Нүүдэллэн амьдардаг аргалийн тоо толгойг гаргахдаа давхардал үүсгэхгүй үүднээс Монгол болон Оросын талууд харилцан тохиролцсон хуваарь, маршрутын дагуу аргалийн тооллогыг 2019, 2021 оны аравдугаар сарын 22-27-ны хооронд хийлээ.
Тооллогыг явуулахдаа хил орчмын аргалийн тархац нутгийн 90-ээс дээш хувийг бүрэн хамруулж, тааралдсан аргалийг нас, хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн тусгай хуудсанд тоологдсон газрынх нь солбицлын хамт тэмдэглэдэг.
Ийнхүү Баян-Өлгий болон Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдож Монголын талын аргалийн тоо толгой дөрвөн мянгын босгыг давсан гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.