Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорьж байна

НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм.

Хуралдааны эхэнд нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав. 2020 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод гэр хорооллын 208 мянган өрх байна. 2016 онд энэ тоо 216 мянга байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 8000-аар цөөрчээ. Энэ оны есдүгээр сард гэр хорооллын 10 мянга орчим иргэнээс авсан түүвэр судалгаагаар орон сууцанд 84.7 хувь нь орох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ингэхдээ 49.2 хувь нь орон сууцаа түрээслээд өмчлөх, 29.5 хувь нь газар, өмчөө орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайд 123 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Энэ нь гэр хорооллын 26 хувийг эзэлж байгаа юм. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл эхэлснээс хойш 33 төсөл хэрэгжүүлэгч шалгарчээ. Үүнээс ажлын явц удааширсан болон зогсонги байдалд орсон, гурван талт гэрээний үүргийг зөрчсөн зэрэг шалтгаанаар нийт 21 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан. Учир нь тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаггүй, мөн тухайн газар инженерийн шугам, сүлжээ холбогдох боломжгүй байсан гэдгийг тодотголоо. 2021 онд 19 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтэц, сургууль, цэцэрлэгтэй холбоотой ажлыг концесс, бонд гарган шийдвэрлэх, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн хүрээнд 2022 онд 3500, 2023 онд 4800, 2024 онд 5300, 2025 онд 6400, нийт 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Иймээс нийслэлээс дэд бүтэц болон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Үүнээс 170-д нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулахаар болсон. 58 барилгад 20-оос олон удаа сонгон шалгаруулалт зарласан ч аж ахуйн нэгжүүд ашиггүй, дэд бүтэцгүйн улмаас сонирхохгүй байгаа аж. Иймээс холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулж, хот өөр хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг хэлж байв.

2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 20 мянга, ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд 3700, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр 5000, мөн түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын 2007, Ханын материалд орлогод нийцсэн орон сууцны төслөөр 712, Шинэ суурьшлын бүсэд 14.155, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 1008, нийт 55.584 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна.

НИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлт маш чухал гэдгийг онцолж, танилцуулсан асуудалтай холбоотой асуулт асууж, санал хэлж байв. Тухайлбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон иргэд байгаа эсэх, байгаа бол асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас тодруулахад “Дахин төлөвлөлтөөс орон сууцгүй болж хохирсон иргэдийн асуудлыг шийдээд дуусаж байна. “Их өргөө” компанийн 85 өрх байна. Үүнд багагүй мөнгө шаардлагатай, ирэх оны төсөвт хөрөнгийг суулгахаар саналаа өгсөн” хэмээн хариулав. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглаж байгаа хууль, журамд өөрчлөлт оруулах, зах зээлийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байгаа, энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулах хэрэгтэйг хэллээ. Иймээс Ажлын хэсэг байгуулж, шаардлагатай бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *