Categories
гадаад мэдээ

Гадаад мэдээний онцлох нийтлэл

Энэ удаа “BBC” агентлагийн Азийн асуудал хариуцсан тоймч Каришма Васваний “Өөрчлөгдөж буй Хятад: Си-гийн “тэгш цэцэглэлт” дэлхий нийтийг байлдан дагуулах уу (Changing China: How Xi’s ‘common prosperity’ may impact the world)” нийтлэлийг онцолж байна. Сүүлийн үед хүчээ авч буй хөрөнгийн ялгааг багасгах буюу тэгш хөгжил, цэцэглэлт гэх Си Жиньпиний бодлогыг Хятад даяар өнөөгийн нийгэмд яг хэрэгтэй зүйл хэмээн сурталдаж байна. Гэвч шүүмжлэгчид илүү болгоомжтой хандахыг анхааруулсаар байгаа юм. Энэ нь Си Жиньпиний уг бодлого одоогоор зөвхөн дотооддоо хэрэгжиж байгаа ч удалгүй дэлхийн ийтийн эдийн засагт нөлөөлж, энэхүү жишгээр өөрчлөгдөж болзошгүй гэсэн үг.

Бүх нийтээр хөгжин цэцэглэх гэх тодотголтой эл бодлогын хамгийн эхний үр дагавар бол Хятадын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн орлогыг улс шууд хураан авч буй явдал. Олон улсад нэр хүндтэй “Алибаба” компани гэхэд олон нийтийн хөгжил цэцэглэлтийн бодлогыг сурталчлахад зориулан Дальел Жан ахлагчтай ажлын хэсэгт 15.5 тэрбум ам.доллар “хандивлажээ”. Энэ мөнгөө өгөхдөө “Алибаба” бол Хятадын эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртэгч байгууллага. Хэрвээ нийгэм, эдийн засаг Хятад даяар, нийтээр сайжирвал “Алибаба”-д улам илүү сайнаар нөлөөлөх болно” гэсэн байна. Мөн технологийн аварга “Тенсент” компани ч энэ жишгээр 7.75 тэрбум ам.доллар хандивлахаа амлаад байна. Харин “China Inc” “Одоо бид энэ бодлогод хэдийнэ дассан. Чухамдаа хөрөнгийг тэгш хуваарилна гэдэг нь баячуудыг дээрэмдэх бус, нийгмийн бүтцийг өөрчилж, дундаж давхаргыг тэлэх тухай бодлого юм. Эцэст нь хэрэглэгчдийн амьжиргаа дээшлэхийн хэрээр компаниудын үйл ажиллагаа сайжрах нь дамжиггүй” гэжээ.

Хэрэв энэхүү нийтийн хөгжил цэцэглэлт нь шинээр нэмэгдэж буй Хятадын дундаж давхаргыг илүү дэмжих бодлого юм бол түүнийг дагаад эдгээр иргэдэд үйлчлэх дэлхийн бизнес эрхлэгчдэд ашиг авчирна гэсэн үг. Энэ талаар Европын холбооны Хятад дахь худалдааны танхимын ерөнхийлөгч Йорг Вуттке “Залуучуудыг ажлын байраар хангах нь сайн үр дүнтэй болохыг бид харж байна. Дундаж давхарга өсөх тусам илүү их боломж бий болно. Гэсэн ч үүнээс болоод тансаг хэрэглээний салбар, үйлдвэрлэл муу үр дагавартай нүүр тулж болзошгүй” гэж хэлжээ. Дэлхий даяар тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулалтын 50 орчим хувь хятад баячуудад оногддог. Хятадын баячууд швейцарь цаг, итали зангиа, Европын тансаг зэрэглэлийн автомашин худалдан авах нь багасвал энэ салбар цохилтод орно гэсэн үг.

Хятад дахь Английн Худалдааны танхимын ажилтан Стивен Линч “Нийтээр хөгжин цэцэглэх бодлого нь дундаж давхарга сүүлийн 40 жилийн хугацаанд олширсон шиг өсөх баталгаа биш. 30 жилийн өмнө гэхэд дундаж хятад гэр бүл сард нэг л удаа бууз хийж идэх боломжтой байсан. Тэгвэл 20 жилийн өмнө, тэд долоо хоногт нэг удаа зоогийн газраас аяга хоол авч идэх чадвартай болсон. Одоо тэд машин худалдаж авах чадалтай болжээ. Тэгвэл сүүлийн үед эрчимтэй хэрэгжүүлж байгаа нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого “Алибаба”, “Тенсент” нарын нийгмийн хариуцлагын хандив, тусламжаас өөр тодорхой бодит ажил хийсэнгүй” гэсэн байна.

Нийтээр хөгжин цэцэглэх бодлогын гол зорилго нь Хятадын Коммунист намаас ухуулж буйгаар нийгмийн гишүүдийг тэгш эрхтэй болгох явдал аж. Тэгвэл энэ бодлого орчин цагийн дэлхийд социализмыг өөр өнцгөөс шинээр танилцуулах боломж ч болж магад. Бээжингийн Хятад ба даяаршлын төвийн ажилтан Ван Хуияо “Коммунист нам одоо таксины жолооч, хөдөөнөөс хотод ирсэн цагаач ажилчид, хүргэлтийн залуу хөвгүүд гэх мэт энгийн ажилчин ангийнханд санаа тавьдаг болсон. Хятад улс барууны орнуудын туйлширсан нийгмээс зайлсхийхийг эрмэлзэж байна” гэж мэдэгдэв. Харин олон жил Бээжинг ажиглаж буй шинжээчдийн үзэж буйгаар хэрвээ үнэхээр социализмыг Хятадын онцлог шинж болгон бусад оронд өөр өнцгөөс таниулах нь гол зорилго юм бол нийтийн хөгжил цэцэглэлт зөв бодлого биш аж.Оксфордын их сургуулийн Хятад судлалын төвийн ажилтан Жорж Магнус “Энэ бол дорно дахинд,бүхэл бүтэн нэгэн үеийн хяналтыг улам чангалах аргаар Си Жиньпиний хүч чадлыг илтгэн харуулж буй үйл явдал. Түүний энэхүү шинэ бодлого Европын улсуудын нийгмийн халамжийн загвараас эрс ондоо зүйл. Харин ч намын зорилгыг биелүүлэх далд явуулга байж болзошгүй. Намын захиалгаар эдийн засгийн зорилтоо биелүүлэхийн тулд томпүүсүүдийг дарамталж хандив цуглуулах үндэслэлгүй олсон орлогоос хэт өндөр татвар авах нь тэдэнд илүү ашигтай зүйл” гэж тайлбарлажээ.

Нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого Си Жиньпиний удирдлага дор Хятадын төр, нийгмийг хэрхэн нэгтгэн базаж, хялбар аргаар удирдах гол арга хэрэгсэл болж буй нь тодорхой байна.Үүнийг биелүүлж, цаашлаад илүү тэгш эрхтэй нийгэм, илүү олон чинээлэг дундаж давхаргатай болж, мөнгө хуримтлуулахаас төрдөө өгдөг компаниудтай болох тухай намын удирдлагууд олон сайхан амлалт өгч байна.

Хятадын Коммунист нам барууныхны амладаг нийгмийн үлгэр жишээг бүтээн, дэлхий нийтэд батлан харуулж бишрүүлэхээр хичээж буй ч эцэст нь “Утопи Хятад” болчих магадлалтай юм.Гэхдээ үр дүнд нь илүү их хяналт, эрх мэдэл намын гарт очих болно. Хятад бол гадаадын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах хамгийн төвөгтэй орчны нэг байсаар ирсэн. Харин нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого хэрэгжсэнээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг улам хатуу чанга гарт орж байна гэсэн үг.

Жич: Монголчууд бидний хувьд баян, хоосны хэт ялгаа аль ч нийгмийн төгсгөл болдог учир урд хөршийн Нийтээр хөгжин цэцэглэх бодлогыг онолын хувьд дэмжихээс өөр аргагүй. Харин улсынхаа төсөв бүрдүүлэх гол хүч болдог аварга компаниудын хөрөнгөжих сонирхлыг яаж унагачихгүй цааш нь авч явах юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна.Үүнд мэдээж цаг хугацаа л үнэн зөв хариулт өгч чадна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *