Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс ААНБ-уудаа тоолно

Статистикийн хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллага /ААНБ/-ын улсын тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллого нь Статистикийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй тав дахь удаагийн тооллого бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хугацаанд зохион байгуулна. Энэ удаагийн тооллогыг цахимаар буюу http://toollogo.1212.mn хуудсаар бүртгэн явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

2021 оны ээлжит тооллогод өмчийн бүх хэлбэрийн ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана. Үүнээс гадна хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн тооллогын гол зорилго нь дээрх байгууллагуудыг бүртгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь тодорхойлох, төрийн байгууллагуудын мэдээллийн сантай уялдуулж бизнес, инновац, судалгаа, хөгжүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллээр бодлого боловсруулагчдыг хангаж, нотолгоонд суурилсан шийдвэр гарах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж. Тухайлбал,

  • Тогтвортой хөгжлийн зорилтыг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Бизнесийн сэдэвчилсэн тайланг боловсруулж, нийтэд түгээх
  • Үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн томоохон түүвэр судалгааны түүврийн хүрээг бэлтгэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь улсын хэмжээнд зохион байгуулагдах тооллогод хамрагдахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *