Статистикийн хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллага /ААНБ/-ын улсын тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг. Статистикийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй тав дахь удаагийн тооллогыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хугацаанд зохион байгуулна. Энэ удаагийн тооллогыг цахимаар буюу http://toollogo.1212.mn хуудсаар бүртгэн явуулах аж.
2021 оны ээлжит тооллогод өмчийн бүх хэлбэрийн компаниуд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана. Үүнээс гадна хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Тооллогын гол зорилго нь мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь тодорхойлох юм байна. Тодруулбал,
- Тогтвортой хөгжлийн зорилтыг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
- Бизнесийн сэдэвчилсэн тайланг боловсруулж, нийтэд түгээх
- Үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн томоохон түүвэр судалгааны түүврийн хүрээг бэлтгэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь улсын хэмжээнд зохион байгуулагдах тооллогод хамрагдахыг тус газраас уриалжээ.