Энэ намар дэлхий нийтийг шуугиулж чадсан “Squid Game” цуврал нь Өмнөд Солонгосын кино урлагийн хөгжлийг шинэ шатанд аваачсан билээ. Нийт 21.4 сая ам.доллараар бүтсэн ч 891.1 сая ам.долларын ашиг орлого олсон энэхүү бүтээлийн араас “My Name” нэртэй цуврал хүч түрэн гарч ирж байна.
Тодруулбал, энэ сарын 21-ний байдлаар уг бүтээл нь “Netflix”-ийн дэлхийн шилдэг цувралын жагсаалтын гуравдугаарт, Өмнөд Солонгосын жагсаалтын нэгдүгээрт, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсад хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Энэ сарын 15-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон “My Name” нь гэмт хэрэг, триллер төрлийн цуврал бөгөөд эцгийнхээ шударга бус үхлийг өөрийн нүдээр гэрчилсэн Yoon Ji Woo-гийн өшөө авалтын тухай сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх аж.
Чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүнээс гадна киноны найруулга, үйл явдал, тэр дундаа тулааны хэсгүүдэд үзэгчид өндөр үнэлгээ өгөөд байгаа юм. Ялангуяа жүжигчин Han So Hee-гийн жүжиглэлт, зодооны ур чадвар нь түүний өмнө нь бүтээж байсан дүрүүдийн өнгө төрхийг 100 хувь эвдэж чадсан гэж хэлж болно.