Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд иргэдэд хог хаягдал ангилан ялгах соёлыг түгээх, оршин суугчдад хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг танилцуулах, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах “Эерэг давалгаа” өдөрлөг өнөөдөр /2021н.10.23/ боллоо.
Өдөрлөгийг Швейцарын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Ахуйн Хог Хаягдлын Цуглуулалт,Тээвэрэлтийн Менежмент Төсөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Хоггүй Монгол” ТББ-ууд хамтран зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, менежмент төслийн дэд Захирал Ц.Энхчимэг, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, менежмент төслийн техникийн менежер Б.Дэлгэрбаяр нар оролцлоо.
Өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн хог тээвэрлэлтийн компаниуд болон дахивар хог ангилан, худалдан авах төрийн бус байгууллагууд оролцож Сонгинохайрхан дүүргийн иргэдэд өөрсдийн үйл ажиллагаа болон хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагааг танилцууллаа.
Иргэд өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон гэртээ ангилсан дахивар хаягдал болох хуванцар сав, лааз, шил, гялгар уут зэргийг авчран тушааж байв. Мөн Ерөнхий боловсролын Хөгжил цогцолборын сурагчид анги, бүлгээрээ хамтран дахивар хаягдлаа цуглуулан тушааж байгаа нь өнөөдрийн арга хэмжээнд өнгө нэмлээ. Хүүхэд, багачууд багаасаа хог ангилахын ач тусыг ойлгох нь ирээдүйд хогоо ангилж сурсан олон иргэдийг төрүүлэх юм. Мөн өдөрлөгийн үеэр дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар “Өгөөмөр өдөрлөг”-ийн хүрээнд хороод, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандивын зүйлсийг төслийн багт хүлээлгэн өглөө.