Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт жимсний чанамлын цех ашиглалтад орлоо

МҮХАҮТ, Германы худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны хамтран хэрэгжүүлж буй “ProValue” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом хотноо жимсний чанамлын цех ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимид, аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Уянга, мэргэжилтэн Э.Тамир, Увс аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Сэржим, “Ус Эрдэнэ жимс” компанийн захирал О.Ганцоож болон чацаргана кластер багийн гишүүд оролцлоо.

Чацарганы кластер баг нь 16 гишүүнтэй. Үүний нэг болох “Ус эрдэнэ жимс” компанийн дэргэд тус цех үйл ажиллагаа явуулах юм. Жимсний чанамлын цехийн дээд хүчин чадал нь өдөрт 10 мянган ширхэг жижиг савлагаа бүхий чанамал үйлдвэрлэх боломжтой. Чацаргана тариалагч кластер багийн гишүүд дундын хоршоог байгуулсан бөгөөд цехийн түүхий эдийг хамтдаа бүрдүүлж, ашгаа орлогоо хуваалцах юм.

Мөн кластер багийн гишүүд “ProValue” төслийн дэмжлэгтэйгээр 16 га талбайг шинээр чацарганы тариалалт хийхээр бэлэн болголоо. Тус талбайг хашаажуулах, усжуулалт болон эрчим хүч татжээ. Тухайлбал, хөрс тэгшлэх, хагалахаас гадна найман худаг гаргасан байна. Ирэх хавар уг талбайд чацарганы тариалалт хийх юм. Увс аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 750 тонн жимс хураан аваад байна.

“ProValue” төсөл нь чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн ур чадвар, арга техникийг сайжруулах, орон нутагт чацарганы нэмүү өртгийн сүлжээг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон удаагийн сургалт, туршлага судлах уулзалт, аяллыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, алдагдаад байсан сортын бодлого эргэн сэргэж, чацаргана тариалагч болон үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *