БНХАУ-ын Лиаонинг мужийн нийслэл, есөн сая хүн амтай Шэньян хотын зоогийн газарт хий дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, 30 гаруй иргэн гэмтжээ. Уг дэлбэрэлт өнөө өглөө болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас гэмтэж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Зоогийн газар байрладаг барилгад оршин суугчдын орон сууц болон худалдааны төв байрладаг байна. Холбогдох албаны хүмүүс дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Ослын газарт гал сөнөөх 25 машин, 110 гал сөнөөгч ажиллаж байгаа аж. Дэлбэрэлт хүчтэй байснаас ойролцоох барилгуудын цонх, шил хагарч, автомашинууд өртсөн байна. Зоогийн газрын ойролцоох гудамж үнс нурам, хогоор дүүрчээ. Тиймээс явган зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, гудамжуудыг битүүмжилжээ.
Өнгөрсөн зургадугаар сард Хятадын төвд байрлах зах дээр хий дэлбэрсний улмаас 25 хүн амиа алдаж, 130 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.