УИХ-ын гишүүн асан С.Жавхлан төв талбайд суулт зарлаад буй. Тэрбээр энэ сарын 15-наас эхлэн “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа билээ.
Түүнийг Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг шаардсан, хүсэлтийг нь биелүүлээгүй учир ийнхүү суулт зарласан гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Дээрх мэдээллийн дагуу Сангийн сайд Б.Жавхлангаас хариулт өглөө.
Тэрбээр “Дуучин С.Жавхлантай уулзсан нь үнэн. Уулзалтын үеэр улс даяар тойрч хэрэгжүүлэх төсөл байна. Нийт дөрвөн тэрбум орчим төгрөг шаардлагатай. Энэ асуудал дээр Засгийн газартай хамтарч ажиллая гэсэн. Бид төсөв санхүү боломжгүй байгааг хэлсэн.
Гэтэл С.Жавхлан гавьяат бухимдаж, дараагийн ажил зохион байгуулна гэдгээ хэлж байсан. Ярьж байсан зүйлээ ажил хэрэг болгоод жагсаал зохион байгуулж байх шиг байна.
Бид төсвөөс урлаг, уран сайхны арга хэмжээг санхүүжүүлэх ямар ч боломжгүй шүү дээ” гэлээ.