Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт үргэлжилж байна. Тус нэмэлт санал хураалтад энэ сарын 10-нд болсон нөхөн сонгууль саналаа өгөөгүй иргэд хамрах бөгөөд идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байна.

Уриалгад, “Монголчууд бид төрт ёсоо дээдэлж, төрийн сонгуульдаа хүндэтгэлтэй хандаж, иргэний эрх, эрх чөлөөгөө эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Иргэдийн улс төрийн сонгох, сонгогдох эрх нь хүний амьд явах эрхтэй агаар нэгтэй, ямар ч үед хязгаарлаж үл болох, үндсэн эрх юм. Тиймээс тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын сонгогч Та бүхэн хэнээс ч үл хамааран, бусдын нөлөөнд үл автан, айх айдасгүй, эргэлзэх эргэлзээгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцож, төрд илгээх өөрийн төлөөллийг сонгоно уу.

Сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд сонгуулийн байгууллагаас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлж байна” гэжээ.

Энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувь байсан. Тодруулбал, нийт 148 хэсгийн хорооноос Хэнтий аймагт 16, Сонгинохайрхан дүүрэгт нэг хэсгийн хороонд ирц 50+1 хувийг давсан бол бусад хэсэгт бага үзүүлэлттэй байлаа. Иймд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг өнөөдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цагт явагдана.

СЕХ-ноос нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд нээлттэй байршуулж, санал авах 131 хэсэгт сонгогч саналаа бусдаас хараат бусаар, аюулгүй нөхцөл байдалд өгөх боломжийг бүрдүүлж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж байгаа юм.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт УИХ-ын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Баянмөнх-1, 2-р баг, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, УИХ-ын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т болж байгаа юм. Иймд эхний санал хураалтад оролцоогүй сонгогч Та бүхнийг хүрэлцэн ирж, саналаа өгөхийг СЕХ-ноос уриалж байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.

Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *