Categories
мэдээ нийгэм

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургууль болох Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 100 жилийн ой энэ өдөр тохиож байна.

1921 онд үүсэн байгуулагдсан цагаасаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үе үеийн шилдэг офицер, даргалах бүрэлдэхүүнийг сурган бэлтгэх үндсэн үүрэг зорилтоо нэр төртэй гүйцэтгэж, өнөөгийн шинэ зууны дээд боловсрол, сургалтын тогтолцоон дахь нэр хүнд, байр суурь улам бүр өсөн нэмэгдсээр байгаа юм.

Түүхт 100 жилийн ойтойгоо золгож буй ҮБХИС-ийн хүндэтгэлийн баярын хурал яг энэ цаг мөчид ҮБХИС-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар болон бусад хүндэт зочид төлөөлөгчид оролцож байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ҮБХИС-ийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, оюутан залууст хандан “Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хамгаалан бэхжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн болоод энэ сургуулийн бүтээгдэхүүний хувьд өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун дотно мэндийг дэвшүүлье. Тус сургууль нь ХХ зууны Монголын түүхийн хамгийн том үйл явдал болох 1932 оны зэвсэгт бослого, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1950-аад оны баруун хилийн тулгаралт зэрэг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт ямагт манлайлан хамгийн их голлох үүрэгтэй оролцож түргэвчилсэн болон богино хугацааны сургалтаар фронт руу олон зуун цэргийн даргалах бүрэлдэхүүн, цэрэг дайчид, шаардлагатай боловсон хүчнийг илгээж эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн эгнээнээсээ олон арван Монгол Улсын баатруудыг төрүүлснийг түүх гэрчилнэ. Өөрийн эгнээнээсээ Монгол Улсын олон арван баатрыг төрүүлэн гаргасан сургууль өнөөдөр хараахан үгүй. Ийм л бахархам түүхтэй бидний сургууль оршин тогтнох хугацаандаа цэргийн мэргэжлийн болон бусад мэргэжлийн 20 мянган гаруй боловсон хүчнийг бэлтгэн улс орны бүхий л салбарт нийлүүлсээр иржээ. Тус сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд, хөдөлмөрийн баатар, гавьяатууд гээд олон мянган нийгмийн шилдэг элитүүдийг төрүүлэн гаргасан түүхэн гавьяаг байгуулжээ. Тийм ч учраас тус сургуулийг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгон Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Аливаа сургуулийн сургалтын чанарыг төгсөгчдийн тоогоор хэмждэггүй билээ. Тус сургууль нь өнөөдөр үндэсний хэмжээний их сургууль болж төлөвшсөн бөгөөд эрдэм шинжилгээ судалгааны эрдмийн их сургууль болж хүлээн зөвшөөрөгдсөн ба цаашид ч улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, бүтээн байгуулалтад олон мянган чадвартай боловсон хүчнийг зуу зуун жилээр бэлтгэн гаргасаар байх болно гэдэгт би гүнээ итгэж явдаг.

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулж, амь насаа зориулсан цэргийн сургуулийн захирал, сонсогч, төгсөгчид тэдгээрийн гэр бүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрийн өмнөөс баяр хүргэж мэхийн ёсолж байна.

Эх орноо батлан хамгаалж, бүтээн байгуулах ариун үйлсэд гар бие, сэтгэл оюунаа харамгүй зориулж энэ сургуулийн дараагийн зуун жилийн түүхийг өртөөлөн авч яваа өнөө цагийн бие бүрэлдэхүүн та бүхэндээ ахин баярлалаа” хэмээв.

Мөн энэ өдөр түүхт ойн хүрээнд төрийн дээд одон медалиар шагнагдсан алба хаагчдын шагналыг гардуулсан юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.



Түүнчлэн ҮБХИС-ийн сургалтын чанар, багш нарыг заах аргаа дээшлүүлэх болон оюутны сурах үйл ажиллагааг ном, гарын авлагаар тогтмол хангаж, эрдэм шинжилгээний ажлын стандартчлалын тогтолцоо, “Батлан Хамгаалахын Их Сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад түүчээлсэн шинжлэх ухааны доктор, хурандаа Баасанжавын Өлзийхуяг, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлж, сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний бүх шатны нэгжид үр бүтээлтэй, тогтвортой ажилласан доктор, бэлтгэл хурандаа Жавзангийн Хүрэл нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагналаа.

МӨН ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

ҮБХИС-ийн Хуурай замын тэнхимийн багш, дэд хурандаа Лхагвадоржийн Сэрж-Очир,

ҮБХИС-ийн Ар талын тэнхимийн дарга Халтарын Эрдэнэчимэг,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн монгол хэлний багш Дамдинсүрэнгийн Болд,

ҮБХИС-ийн Цэргийн тогооч Мөөгөөгийн Саранцэцэг,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сургалт, аргазүйн Ахлах мэргэжилтэн Гунгаагийн Балжинням,

ҮБХИС-ийн Магистрын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Лхагвын Батжаргал,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

ҮБХИС-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Тогмидын Сүхбаатар,

ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор, хошууч Дэмбэрэлийн Идэшноров нарыг шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амжилт бүтээл арвинтай энэхүү сургуулийн их ойг тохиолдуулан хамт олныхоо сор манлай эрдэмтэн багш, ажилтан албан хаагчдын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээж буйдаа туйлын баяртай байгаагаа хэллээ. Эрхэм зорилгоо биелүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн, судалгаанд суурилсан их сургууль болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.






Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *