Бие галбиртаа эрс өөрчлөлт хийсэн дуучин Адель шинэ уран бүтээлтэйгээр хөгжмийн ертөнцдөө эргэн ирлээ. Түүний шинэ сингл “Easy on Me” нь ирэх арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарах “30” цомгийнх нь дээж болж буй. Дуучны Грег Курстинтай хамтран зохиосон энэ дууны клипыг “Hello”-ийн найруулагч Ксавье Долан бүтээжээ.
“Адельтай дахиж хамтран ажиллана гэж чин сэтгэлээсээ найдаж байсан. Би өөрчлөгдсөн, Адель ч мөн адил. Энэ бол бид хоёулаа хэрхэн хөгжиж, хоёулаа хамгийн хайртай сэдэвтээ хэрхэн үнэнч байснаа тэмдэглэх боломж юм. Бүгд адилхан, гэхдээ өөр” хэмээн найруулагч Ксавье Долан ярьжээ.
Энэ долоо хоногийн эхээр Адель цомог бүтээх гурван жилийн үйл явцыг тайлбарласан видеог инстаграм хуудсаараа хуваалцсан юм.