Иргэд “Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын таван иргэн алхаж байна” гэсэн мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газарт аравдугаар сарын 13-ны өдөр мэдүүлжээ.
Дээрх мэдээллийн дагуу гадаадын таван иргэнийг саатуулсан байна. Дорноговь аймгийн цагдаагийн газраас “Хууль тогтоомжийн дагуу Гадаадын иргэн, харъяатын газрын Дорноговь аймаг дахь салбарын ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид гадаад иргэдийг хүлээлгэн өгч, эрх бүхий байгууллага шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна” хэмээн мэдээлсэн юм.
Энэ талаар Гадаадын иргэн, харъяатын газраас “Хяналт шалгалтаар тус нэр бүхий гадаадын иргэд нь 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр “ЗАК майнинг” ХХК-ийн урилгаар хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгөөр орж ирсэн нь тогтоогдсон. Мөн виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зөрчил илрээгүй. Тиймээс хорио цээрийн дэглэм зөрчсөн эсэхийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлээд байна” гэсэн мэдээлэл өгчээ.