Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Галбаатар: Сэтгүүлч шүгэл үлээж, түүний мөрөөр авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээнд оролцох ёстой

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-Хуулийн төсөл рүү орохоос өмнө өнөөдөр манайд шүгэл үлээгчийн эрхзүйн байдал бодит амьдрал дээр ямар байдаг талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй улс. Мөн шүгэл үлээгчийг хамгаалах талаар дотоодын холбогдох баримт бичигт ч зааж өгсөн. Тодруулбал, Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ” гэж тусгасан.

Мөн УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралт “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 5.2.5-д “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээнд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад иргэн хяналт тавих бололцоо бүрдсэн байх” гэж заасан. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.6.5-д “Авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууцыг хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг сайжруулна” гэж хүртэл бий.

Харин дээр дурдсан шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалах талаар тодорхой заагаагүй. Тэгэхээр бодит амьдрал дээр ямар хэрэгжилттэй байгааг ярихад илүүц биз ээ.

-Та бүхэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал шүүмжийг бичсэн. Хуулийн төсөлд оруулж буй голлох санал, шүүмжлэл юу байв?

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, дагалдах хуулийн төслийг цахим хуудастаа байршуулж олон нийтээс санал авч байна. Энэ төсөлд “шүгэл үлээх” гэх ойлголтыг оновчтой тодорхойлох шаардлагатай байна.

Тодруулбал, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 4.1.1-т “шүгэл үлээх” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх /цаашид “мэдээлэл өгөх” гэх/-ийг” ойлгоно гэжээ. Энэхүү тодорхойлолтоор зөвхөн үйлдэл бус, эрх бүхий байгууллагад хандах нөхцөлийг тусгажээ.

“Транспаренси интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжтой холбоотой олон улсын зарчим”-д “Шүгэл үлээх” гэдгийг төрийн болон хувийн секторын этгээдийн зүгээс нийтийн ашиг сонирхолд аюул, занал учруулахуйц авлига, хууль бус үйлдэл, залилан, аюултай үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухайн мэдээллийн мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авна гэж итгэж буй хүн, хуулийн этгээдэд хандан илчлэх” гэж тодорхойлсон байна. Энэ тодорхойлолтын дагуу шүгэл үлээх гэдэгт шүгэл үлээгч нь заавал эрх бүхий байгууллагад хандах бус, ажлын байрныхаа дотоодод, эрх бүхий байгууллагад, гуравдагч этгээд буюу хуульч, өмгөөлөгч, сэтгүүлчид хандах боломжтой бөгөөд “мэдээллийг илчлэх” төрлийг явцуу байдлаар тогтоохоос зайлсхийсэн байна.

“Транспаренси интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжтой холбоотой олон улсын зарчим”-д “Шүгэл үлээх” гэдгийг төрийн болон хувийн секторын этгээдийн зүгээс нийтийн ашиг сонирхолд аюул, занал учруулахуйц авлига, хууль бус үйлдэл, залилан, аюултай үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухайн мэдээллийн мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авна гэж итгэж буй хүн, хуулийн этгээдэд хандан илчлэх” гэж тодорхойлсон байна. Энэ тодорхойлолтод нийцүүлэх шаардлагатай.

-Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шүгэл үлээгчтэй зүй ёсоор холбогддог. Сэтгүүлч ч өөрөө шүгэл үлээгч болох нь бий. Тэгвэл энэ талаар хуулийн төсөлд тусгагдсан уу?

-Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын талаар зохицуулалт байхгүй. Сэтгүүлчийн хувьд шүгэл үлээх, тийнхүү шүгэл үлээсний мөрөөр арга хэмжээ авах, тэдгээрт хяналт тавих гээд бүх үе шатанд оролцох боломжтой байх нь зүйтэй.

Тухайлбал, Aвстрали улсад шүгэл үлээгч нь мөрдөн шалгуулахгүй байх, тийнхүү мөрдөн шалгуулсан ч ямар нэг арга хэмжээ авах нь тодорхойгүй буюу зургаан сарын хугацаа өнгөрсөн ч шүгэл үлээгчид арга хэмжээ авсан эсэх талаар мэдэгдээгүй бол шүгэл үлээгч нь сэтгүүлчид хандаж шүгэл үлээж болохоор хуульчилсан байдаг.

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах асуудал байнга тулгардаг. Өөрөөр хэлбэл, шүгэл үлээгчийг. Бас л эргээд шүлэг үлээгчийг хамгаалах асуудалтай холбогдож таарч байна?

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах үүрэг нь сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээ боловч бусад хууль тогтоомжид энэ талын зохицуулалт орхигдсон. Олон улсын зарчмын дагуу шүгэл үлээгч нь өөрийн хувийн мэдээллийг ил болгохгүйгээр өөрийн өмнөөс хуульчаар, эсвэл сэтгүүлчээр дамжуулан шүгэл үлээж болдог. Энэ тохиолдолд шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг хуульчийн, эсвэл сэтгүүлчийн мэдээллээр орлуулах, хуульч, сэтгүүлчээс шүгэл үлээгчийн үйл ажиллагаатай нь холбогдуулан гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авах, шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг шаардахыг хориглох зохицуулалтыг дээрх хуулийн төсөлд тусгах шаардлага бий.

-Шүгэл үлээгчийг хамгаалахтай холбоотой зүйл заалтууд дээр хуульч хүний байр суурь ямар байна вэ?

-Шүгэл үлээгчийг хамгаалах талаар хуулийн төсөл боловсруулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ одоогийн хуулийн төсөл нь бүрэн биш, тодорхой бус зохицуулалттай байна. Энэ нь шүгэл үлээгчийг хамгаалах бус аюулд оруулах ч эрсдэлтэй болж байна. Жишээ нь, шүгэл үлээгчийг хамгаалах асуудал эрхэлсэн тусгайлсан байгууллага аль нь болох тодорхойгүй, тэдгээр эрх бүхий байгууллага бүгд адил эрх хэмжээтэй байх эсэх, шүгэл үлээхтэй холбоотой ямар үе шатанд аль байгууллага оролцох нь тодорхойгүй байна.

Шүгэл үлээгчийг хамгаалах хүрээг хязгаарлах нь хуулийн зохицуулалтад үл итгэх байдлыг нэмэгдүүлэх тул шүгэл үлээгчийг хамгаалахын тулд дараахь асуудалд зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнд: Мэдээлэх нөхцөлийг хялбар байхаар хуульчлах, практикт тодорхой байх, мэдээлэх сувгийн олон талт, хүртээмжтэй байдлыг хангах, хамгаалалтын арга хэмжээ нь мэдээлэгч этгээдийн нөхцөл байдал, шаардлагад нийцсэн байх, хамгаалалтын арга хэмжээ нь эрх зүйн, процедурын, бүтцийн арга хэмжээнээс бүрдэх, мэдээлэгч этгээдийг зөвлөгөө авах нөхцөлөөр хангах, мэдээлэгч этгээдэд аюул занал, хохирол учрахаас сэргийлсэн арга хэмжээ авах, тийнхүү хохирсон нөхцөлд авах хариу арга хэмжээг тодорхой болгох, мэдээлэх үйл ажиллагааг дэмжих /талархах, хүндэтгэл, шагнал урамшуулал олгох. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийн хөндөж буй мэдээллийг ихэвчлэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууцаар халхавчилсан байдаг тул “Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээхдээ ажилтай холбоотой нууц мэдээллийг агуулсан бол шүгэл үлээгчийг бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн дүрэм, журамд заасан ажил, мэргэжлийн хүрээнд нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэхгүй” гэдэг зохицуулалт нь шүгэл үлээгчийг хамгаалахтай холбоотой стандарт заалт болдог. Энэ нь олон улсын зарчмуудад нэгэн адил тусгагдсан.

Тодруулбал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь мэдээллийг нууцлах сонирхлоос илүү чухал байгаа тохиолдолд тийнхүү мэдээллийг нууцлах үүргээ зөрчсөн гэх төрийн албан хаагчийг шүгэл үлээгчтэй адилтган үзэж хамгаалах талаар хуулийн төсөлд тусгах хэрэгтэй байна.

-Шүгэл үлээгчийн мэдээллийн мөрөөр ямар арга хэмжээ авав гэдэг асуудал чухал байдаг. Хуультай болсноор энэ асуудал цэгцрэх нь үү?

-Хуулийн төслийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн холбогдох хэсэгт шүгэл үлээсэн мэдээллийн мөрөөр авах арга хэмжээтэй холбоотой харилцааг тусгасан байна. Эндээс харахад, шүгэл үлээж өгсөн мэдээллийн мөрөөр авах арга хэмжээ нь мэдээллийг хүлээн авсан байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал эсэхээс хамаарах, хяналт шалгалт явуулах, түүний үр дүнг шүгэл үлээгчид мэдэгдэхээр хязгаарлагдаж байна. “Транспаренси интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжтой холбоотой олон улсын зарчим”-ын 30-д зааснаар шүгэл үлээж өгсөн мэдээллийн мөрөөр зохих байгууллага үргэлжлүүлэн ажиллах, залруулах арга хэмжээ авах, бодлогын шинэтгэл хийх нь гол үр дүн байх юм. Тодруулбал, шүгэл үлээж буй зорилго нь нийтийн эрх ашгийг хангах бодлогын өөрчлөлт гаргах бөгөөд хяналт шалгалтын талаар шүгэл үлээгчид мэдээлэл өгөхөөр хязгаарлагдах ёсгүй.

-Шүгэл үлээгчийг мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах тал дээр учир дутагдалтай байгаа гэв үү?

-Шүгэл үлээх үндсэн зорилго бол хууль бус үйлдлийг зогсоох, тэрхүү хууль бус үйлдэлд арга хэмжээ авах юм. Тиймээс тэрхүү хууль бус үйлдэл гарч буй газарт хандаж мэдээллийг илчлэх нь чухал. Мөн шүгэл үлээх буюу мэдээллийг илчлэх механизм нь уян хатан буюу итгэл хүлээхүйц байх шаардлагатай. Энэ хүрээнд ажлын байрандаа буюу дотооддоо мэдээлэх, эрх бүхий байгууллагад мэдээлэх, гадагшаа буюу олон нийтэд мэдээлэх арга замыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй. Эдгээр арга зам нь шүгэл үлээгчийг хамгаалах, шүгэл үлээх найдвартай сувгаар хангах, холбогдох тусгайлсан журамтай байх шаардлагыг нэгэн адил агуулна.

Хуулийн төслийн 15.1-т “Эрх бүхий байгууллага нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан, бүртгэсэн, шилжүүлсэн, хянан шалгасан, шүгэл үлээгчид хамгаалалтын арга хэмжээ авсан, цуцалсан, хохирлыг барагдуулсан, урамшуулал олгосон тухай мэдээллийг агуулсан дундын мэдээллийн сантай байна”, 15.2-т “Дундын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, аюулгүй байдлыг хангах журмыг эрх бүхий байгууллага хамтран батална” гэж заасан байна. Тэрхүү мэдээллийн сангийн мэдээлэл ил болсноор шүгэл үлээгчийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байх тул тус мэдээллийн санг нууцлах шаардлагатай байна. Энэ хүрээнд “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-д “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуульд заасан шүгэл үлээгчид хамгаалалтын арга хэмжээ авах журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл” гэж нэмэх хэрэгтэй.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *