Categories
мэдээ нийгэм цаг-үе

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 21 сая ам.долларын зээл авах төслийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Засгийн газраас энэ сарын 1-нид өргөн мэдүүлсэн уг төслийн санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт энэ оны долоодугаар сарын 21-нд гарын үсэг зурсан. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрсөн КОВИД-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх юм. АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй юм.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “ДЭМБ-аас яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл өгсөн 10 төрлийн вакцинаас манай улс дөрвийг нь татан авч иргэдээ вакцинжуулж байна. Нийтдээ 7 431 490 тунг татан авсан. Вакцины хадгалалт, хамгаалалтын горимыг чанд мөрдөж байгаа. Бүх аймаг орон нутагт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж найдвартай, хэвийн ажиллаж байна” гэлээ. Мөн одоогоор нийт хүн амын 69.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин дархлаа тогтоох нэмэлт тунд 350 230 гаруй хүн хамрагджээ. Цаашдаа хүүхдүүдээ дархлаажуулах үүднээс Файзер вакциныг түлхүү авахаар төлөвлөж байгаа гэсэн хариулт өгсөн юм.

Уг төслийг байнгын хорооны гишүүдийн 58.3 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхэрэ товлоод байна.

Мөн хуралдаанаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх, хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу зохион байгуулсан 2017 оны долоодугаар сарын 7-ны Бага хурлын үр дүнд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг гишүүн улсууд баталжээ. Уг гэрээ нь 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар 86 улс гэрээнд гарын үсэг зурж, 56 улс гэрээг соёрхон батлаад байгаа аж.

Энэхүү гэрээгээр цөмийн зэвсэг, эсхүл цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг хөгжүүлэх, турших, үйлдвэрлэх, бэлдэх болон өөр бусад хэлбэрээр худалдаж авах, эзэмших, хадгалах, цөмийн зэвсгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, өөрийн газар нутаг дээр байршуулах, суурилуулахыг гэрээний Оролцогч улс бүрт хоригложээ. Манай улс энэхүү гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, олон улсын хуралд идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтойг сайд илтгэлдээ онцлов.

Төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхэрэ товлоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *