Categories
мэдээ нийгэм

Э.Батболд: Барилгын материалын үнийн өсөлтийг дагаж орон сууцны үнэ өссөн

Барилгын материалын үнэ дагаж орон сууцны үнэ өссөн талаар БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд мэдээллээ.

Тэрээр “Орон сууцны үнэ барилгын материалын үнэ дагаад өсөж байна. Мөн ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш эрэлт нэмэгдсэн. 2021 оны 8-р сарын байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянган зээлдэгчдэд олгосон нь өнгөрсөн үеийн мөн үеэс 2.4 дахин их юм. Энэ онд нийт 12 мянган зээлдэгч байх болов уу гэсэн таамаглал байна. Эрэлт их байгаагаас гадна эрэлтийг давсан орон сууцнууд бий.

Барилгын материалын үнэ 40 хувь нэмэгдэхэд шинэ орон сууцны үнэ 20 хувь нэмэгдэж байна. 2020 онд орон сууцны нэг метр квадратын үнэ 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая төгрөг болсон нь материал дагасан өсөлт юм.

Орон сууцны нийлүүлэлтийн судалгааг хийхэд 2021 оны есдүгээр сард гэхэд 13560 байр ашиглалтад орсон ба одоо баригдаж байгаа 32 мянган орон сууц байгаагаас 2022 онд 12 мянга нь ашиглалтад орно.

Мөн улсын хэмжээнд төрийн өмчит 5000 айлын түрээсийн орон сууц байдгаас 3000 нь нийслэлд бий. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг метр квадратыг иргэд 6000 төгрөгөөр түрээсэлдэг. Дунджаар 40 м.в байрын сарын түрээс 240 мянган төгрөг байдаг” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *