Бямба гаригт Ойрх Дорнодын Ливан улсын эрчим хүчний систем бүхэлдээ зогсжээ. Цахилгаан станцууд түлшний нөөцгүй болсноос уг тасалдал үүссэн байна.
Ливан улс түлшний нөөцөө гадаадаас импортлодог бөгөөд эдийн засгийн гүн хямралын улмаас гадаад валютын нөөцгүй болсон тул түлш худалдаж авч чадахгүй болжээ.
“Ливан улсын эрчим хүчний систем өнөөдөр үд дундаас эхлэн бүрэн зогслоо. Тасалдал ирэх даваа гариг хүртэл, эсвэл хэдэн өдрөөр ч үргэлжилж магадгүй байна” гэж тус улсын албаны эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Ливаны гол хоёр цахилгаан станцын нэг Дэйр Аммарын станц баасан гаригт зогссон бол үлдсэн Захрани станц бямба гаригийн үд дундаас эхлэн зогсжээ.
Ливан улсад үүсээд байгаа эдийн засгийн гүн хямралыг Дэлхийн Банк сүүлчийн 100 жилийн хамгийн муу жишээнүүдийн нэг гэж дүгнэсэн байдаг. Иргэний дайны дараа тус улсын эрх баригчид улс орноо сэргээх боломжийг алдаж, авлига, алба тушаалын хэрэг, өмч хөрөнгийн хулгай газар авсан нь үүнд нөлөөлжээ.
Одоо тус улсын банкны систем сүйрэлд орж, үндэсний валютын ам.доллартай харьцах ханш нь 15 дахин унаад байгаа.
Ливанчуудын ихэнх нь ядуурлын түвшинд амьдарч, гадаадад амьдардаг төрөл төрөгсдийнхөө илгээсэн мөнгөөр амьдарч байна.
Өнгөрсөн онд нийслэл Бейрут хотын боомтын нэг агуулахад хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний барилга байгууламж, дэд бүтцийг сүйрүүлсэн нь тус улсын эдийн засгийг улам доройтуулсан юм. Уг дэлбэрэлтийн үеэр Ливаны эрчим хүчний яамны барилга нурсан нь одоо ч балгас хэвээр байгаа. Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажил үр дүнд хүрэлгүй гацжээ.