Categories
мэдээ улс-төр

Улстөрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улстөрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

Өнөөдрийн үйл ажиллагаанд МАН, АН, ХҮН, Монголын ногоон нам, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл оролцлоо.

Нам, эвслүүд үүн дээр санаа, зорилго нэг байж, нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжихээ илэрхийллээ. “Монгол Улс хөгжиж буй орон. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хохирогч болж, жилдээ хоёр хэмээр дулаарч байна. Цаашид ирээдүйд амьдрах бидний үр хүүхдүүдийн амьдрах өртөг өсөхөөс эхлээд олон сөрөг тал бий болно. Тиймээс улс төржихгүй нэгдэх ганц сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, мод тарих ажил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам болсон” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээхдээ “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн хэлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *