Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Тэрээр сайжруулсан шахмал түлшний 71 мянган тонн нөөц байна гэв. Энэ нь өнгөрсөн өвлийн тоон хэмжээнээс илүү гэсэн юм.
Шахмал түлшний барьцалдуулагчийн нэг сарын нөөц байна. Иймд шахмал түлшний хомстол үүссэн гэх нь буруу. Борлуулах цэгийн тоо бага байсан, хүйтэрсний улмаас иргэд нөөцөлж эхэлсэн. 280 цэг байсныг 400 болгон нэмсэн. 300 хэрэглэгч тутамд нэг цэг байхаар тооцсон.тэгэхээр нийт 600 цэг ажиллах шаардлагатай. 240 мянган картыг тараасан. энэ картыг цэгцэлнэ. Картаа бүртгүүлээгүй бол түлш олгодоггүй. Энэ нь зарим иргэнийг бухимдуулжээ. Бид энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.
“Таван толгой түлш” компанийн ажилчид ажил хаяагүй. Харин урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан. Энэ үйлдвэрийн ажилчдын цалин гурван бүтэцтэй. Үндсэн цалин нь 1 сая төгрөг байдаг. Урамшууллыг үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог. Манай яам ажлын хэсэг гарган, энэ салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласан. Энэ үеэр хуримтлагдсан өр байгаа нь ч ил боллоо.
Оргил цагуудад манай улсын цахилгааны хэрэглээ өссөөр байна. Өнгөрсөн оны мөн үеэс манай хүчин чадал 70 мегаваттаар өссөн. ОХУ-аас импортоор авдаг чадлын хэмжээг 100 мегаваттаар өсгөхөөр ажиллаж байна. ОХУ зөвшөөрсөн. Энэ ажил арванхоёрдугаар сард дуусна.