Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он хүртэл Монгол Улс тэрбум мод тарих санаачлага гаргасныг Шинжлэх ухааны академиас дэмжин ажиллахаар боллоо.
ШУА-иас мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж байгаа бөгөөд тус ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
Үүнд:
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУА-иас урт, богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, байгалийн аль бүс бүслүүрт ямар мод, бут, сөөг тарихад тохиромжтой талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд суурилсан зөвлөмж, аргачлал, гарын авлага гаргаж, тухайн орчинд дасан зохицох модыг тариалахыг зөвлөх, Монгол орны байгалийн харилцан адилгүй бүс нутагт тохирсон ган, цөлжилтөд тэсвэртэй сортыг бий болгох,
- Иргэд олон нийтэд зориулсан богино хугацааны сургалтуудыг өнөөдрөөс эхлэн ирэх хаврын мод тариалалт хүртэл үе шаттай зохион байгуулах, мөн ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлийн гишүүд, малчин, тариаланч айл өрхийн хэрэгцээнд мод тарих шаардлага, ач холбогдол, хүртэх үр ашгийг таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах, ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх,
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлж, нээлтийн үйл ажиллагаанд зориулан шинжлэх ухааны салбарын ажилтнуудын төлөөллийн мод тарих ажлыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Дамбадаржаа дахь туршилт, судалгааны мод үржүүлгийн газарт 10-р сарын 9-ний өдөр хамтран зохион байгуулах,
- Тарьсан модыг ургуулах нь бас чухал учраас урт хугацаанд тогтвортой ургуулан авч явах, түүнээс ашиг хүртэх ногоон бизнесийн орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарах, доройтсон болон цѳлжилттэй нутгуудад мод тарих ажлыг эрчимжүүлэх, ашигтай бичил биетний био болон органик бордоо туршиж модны төрөл зүйл болон бүс нутгийн онцлогт тохирсон хувилбарыг гаргах, мод тарьсны дараа тарилтын техник, тарьсан модны зүйлийн онцлог, бордооны хувилбарууд нь хѳрсний үржил шимийг нэмэгдүүлж буй эсэх, хѳрсний органик нэгдлийн хуримтлалд био бордоо болон органик бордоо хэрхэн нѳлѳѳлж байгааг судлах,
- “Ойн агентлаг” байгуулах, ойн ангиудыг Монгол орны байгаль цаг уурын харилцан адилгүй бүс нутгуудад байгуулах, ойн суурин судалгаа болон мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг бэхжүүлэх, хуучны услалтын системүүд болон гол мөрөн, гадаргын усаа түшиглэн мод, сөөг тарьж ургуулах ажлыг төлөвлөх, одоогийн нөөц бололцоо, чадамжаа тооцоолох, доройтсон ой, бусад экосистемийг нөхөн сэргээх, мод тариалалтын ажилд шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлэн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.