Categories
гадаад мэдээ

Автомашиныг нь самраар дүүргэдэг хэрэмтэй найман жил тэмцэж байна

АНУ-ын Умард Дакота мужийн Фарго хотын оршин суугч Билл Фишер найман жилийн турш нэгэн хэрэмтэй “цусгүй тулаан” өрнүүлж байгаа тухай “The Washington Post” хэвлэл бичжээ.

Найман жилийн турш бяцхан хэрэм өвлийн идшээ бэлтгэхдээ түүний пикап машиныг хушгаар дүүргэдэг байна.

“2013 оноос хойш би нэгэн шаргал хэрэмтэй “учраа олох” гэж хичээж байна. Тэр миний машиныг самраар дүүргэж, би тэрийг нь цэвэрлэдэг нэг хэлбэрийн зан үйл болоод байна” гэж Фишер ярьжээ. Түүний хэлснээр, даатгалын ажилтан хүртэл түүнд тусалж чадахгүй байгаа гэнэ. Фишер автомашинаа нуух, чинжүүтэй уусмал цацах зэрэг бүх аргаа хэрэглээд тусыг эс олжээ.

Энэ намар Фишер дөрвөн хоног томилолтоор явж, эргэн ирэхэд нь хэрэм хөршийнх нь хушганы модноос ургацаа хурааж, найдвартай газар болох Фишерийн “Chevrolet Avalanche” пикап машинд хадгалаад амжсан байжээ. Энэ хачирхалтай үзэгдэл хоёр жилд нэг удаа тохиодог гэнэ. Яг энэ хугацаанд хөршийнх нь хушганы мод үрээ өгдөг.

“Тэр модны дэргэд янз бүрийн автомашин зогсож л байдаг. Гэвч хэрэм миний пикапыг л сонгодог” гэж 56 настай Фишер өгүүлжээ. Энэ жил “хэргийн эзэн” дээд амжилт тогтоогоод байна. Тэр долоон хувин самар хураан авчээ. Өмнөх жилүүдэд хэрэм 4-6 хувин самар нөөцөлдөг байсан гэнэ. Фишерийг автомашинаа цэвэрлэх үед хэрэм түүнийг модон дээрээс ажиглаж байдаг бөгөөд ажлаа дуусгах үед яваад өгдөг гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *