Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Дельта давлагаанаас хамгаалах гол үр дүн бол вакцины гурав дахь тун юм

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын долоо хоногийн нэгдсэн мэдээллийг танилцуулж байна.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

-Вакцины гурав дахь тун бол дельта давлагаанаас хамгаалах гол үр дүн. Энэхүү гурав дахь тун нь сургууль цэцэрлэгийг нээлттэй байлгаж, эдийн засгаа сэргээхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Тийм учраас 18-аас дээш насны хүн бүр вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүд ажилчдадаа гурав дахь тундаа хамрагдахыг уриалахыг хүсье.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд:

-Нийслэлд сүүлийн 24 цагт коронавирусийн 16682 шинжилгээ хийгдсэн. Есдүгээр сар гарснаас хойш дельта вирус дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол бүртгэгдсэн.

Есдүгээр сарын 1-нээс оюутны дотуур байранд, орон нутгаас 10 мянга орчим оюутан ирж байгаа. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн 13 их сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 750 оюутнаас коронавирус илэрч, таван оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал СУИС-ийн найман оюутнаас халдвар илэрсэн. Оюутнуудад санхүүгийн хүндрэл үүсэж байгаа учраас Төрийн их дээд сургуулийн удирдлагууд оюутнаа эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг уриалахыг хүсье.

МУИС 4 байр, Оюутны Өргөө орон сууцны 2 давхрыг тусгаарлан эмчлэх байр болгоод байна.

Мөн гэр бүлийн нөхцөлд халдвар авах магадлал хамгийн өндөр байна. Тиймээс гадуур явахдаа, хэн нэгэнтэй уулзахдаа маскаа авахгүй байх хэрэгтэй байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *