Categories
мэдээ нийгэм

ОХУ-ыг зорих иргэд хоёр удаа PCR шинжилгээнд хамрагдана

ОХУ-ын Засгийн газар тус улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг Ковид19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гарсан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас дараах мэдээллийг гаргажээ. Үүнд:

  1. Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн сургалтын виз олгох зөвшөөрлийг холбогдох яамнаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлснээр, сургалтын виз олгох боломжтой болно.
  2. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс виз олгох зөвшөөрөл нь ирсэн оюутнуудын нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн гаргаж байна. Иймд визний зөвшөөрөл ирсэн эсэхийг 9:00-12:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд биечлэн очиж шалгах боломжтой. Түүнчлэн цахим шуудан болон утсаар лавлах боломжтой (утасны дугаар: 326037, цахим хаяг: cons_ru@mongol.net). Харин виз олгох зөвшөөрөл ирээгүй тохиолдолд өөрсдийн суралцаж буй их, дээд сургуулийн захиргаанаас тодруулна уу.
  3. Виз авсан оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдэж хилээр нэвтрэх эрхтэй болно. Энэхүү жагсаалтад бүртгүүлэхийн тулд ОХУ-д зорчихоос 10 хоногийн өмнө зорчих хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэрэг мэдээллийг сургуульдаа мэдэгдсэн байна. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.
  4. Насанд хүрээгүй оюутан зөвхөн нэг асран хамгаалагчийн хамт явж болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө. (Жич: Асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарна)
  5. ОХУ-ыг зорих оюутнууд нийт 2 удаа Ковид19-ийн ПГУ шинжилгээг өгнө. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн дотор өгч, “сөрөг” гэсэн хариуг хэвлэж авна. Хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *