Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж Үндэсний зөвлөлийн Ажлын алба байгуулахаар боллоо.


Мөн “Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор гэж нэмж, сэргээн байгууллаа.

Дундын ашиглалттай болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, бусад туршилтын материал худалдан авах ажлыг хөнгөвчлөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад даалгалаа.
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах, улсын тусгай хэрэгцээний газарт авах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.

Мөн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах нь зүйтэй гэлээ.

Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна

Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 0-17 хүртлэх насны 69,796 хүүхэд байгаа нь нийт тохиолдлын 19 хувийг эзэлж байна. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл нь өндөр байна гэж Улсын онцгой комисс танилцуулав.
Энэ сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 101 сургуулийн 146 багш, 54 ажилтан, 418 хүүхэд, 99 цэцэрлэгийн 99 багш, 108 ажилтан, 65 хүүхэд халдвар авч, хоёр сургууль цахимд шилжсэн байна.
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг нэмэлт гуравдугаар тунд 297.620 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар 18 ба түүнээс дээш насны иргэдийг нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж буй бөгөөд хамрагдсан иргэдийн халдвар авах эрсдэл бага байгаа учир иргэдийг дархлаа сэргээх тунд хамруулах ажлыг идэвхжүүлэхийг үүрэг болголоо.

Товч мэдээ
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар мэдээлэл сонссон байна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар тус хуулийн төслийг танилцуулахаар боллоо.
· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт “Үхрийн арьс товруутах өвчин” шинээр оношлогдсонтой холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад “Үхрийн арьс товруутах” өвчнийг нэмлээ. Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан, өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм.
· Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

– Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн төрөл, чиглэлийг дахин судалж, зарим үйл ажиллагааг зөвшөөрөлгүй болгох, цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор эрх зүйн орчныг өөрчлөх ажлын хүрээнд Засгийн газрын байгууллагуудаас олгож буй тусгай зөвшөөрөл, эрх, лиценз, бүртгэлийн нэгдсэн судалгааг гаргаж дуусчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *