УИХ-аас баталсан Өршөөлийн тухай хуулийн дагуу жолооч нар 2017 оны долдугаар сарын 1-ээс 2021 оны зургадугаар сарын 24-ний хооронд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор төлсөн бол үлдсэн 50 хувийн торгуулийг өршөөн чөлөөлөхөөр болсон.
Уг хуулийн дагуу улсын хэмжээнд 2 сая 804.816 зөрчлийн 50 хувь буюу нийт 33.3 тэрбум орчим төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлэхээр болсон байна. Харин өнөөдрийн байдлаар нөхөн төлөгдөх ёстой нийт торгуулийн ердөө 22.4 хувь нь төлөгджээ.
Торгуулийн 50 хувиа төлөөд, үлдсэн хэсгийг нь хөнгөлүүлэхэд ердөө гурав хоног үлдээд буй юм. Улмаар сүүлийн өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээний ачаалал нэмэгдэж, автомашины торгуулиа төлөх иргэдийн тоо эрс өссөн байна. Ийнхүү торгууль төлөх хүчинтэй хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн ачаалал үүсчээ. Хэдий торгуулиа төлөөд, хөнгөлөлт эдлэх хугацаа хангалттай байсан ч сүх далайтал үхэр амгалан гэдэг нь болж буй бололтой.
Жолооч нар торгуулийн 50 хувиа төлөхөөр нэг цэгийн үйлчилгээнд дугаарлаж, ачаалал үүсгэж эхэлсэн талаар иргэд мэдээллээ. Уг нь аппликэйшны тусламжтай торгуулиа барагдуулах боломжтой ч хэт их ачааллын улмаас өнгөрсөн даваа гаригаас эхлэн ажиллахгүй болсон байна.
Мөн банкны үйлчилгээ, торгуулийн систем ч ачааллаа дийлэхээ больжээ.