Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт болж байгаа аж. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “ОХУ-ын талаас 592 цэрэг ирж “Сэлэнгэ-2021”-д оролцож байгаа.
Цаанаас ирэхдээ PCR шинжилгээ өгсөн бөгөөд буцахад нь бас шинжилгээнд хамруулна. Халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж байгаа” гэдгийг хэлэв.
Есдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн уг сургуулилалт нь аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдаж байгаа аж. “Сэлэнгэ-2021”-д Монгол, ОХУ-ын хамтарсан 1,600 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байгаа.
Сонирхуулахад 2008 оноос “Дархан”, 2010 оноос “Сэлэнгэ” нэрээр зохион байгуулагдах болсон тус сургуулилалт нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлдгээрээ ач холбогдолтойд тооцогддог.
Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын найман нэгж нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд тэд “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтад хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.