Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийллээ. Тодруулбал төв талбайд сэтгүүлчид цугларч Засгийн газарт шаардлага хүргүүлж буй юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
Төрийн ордон дахь сэтгүүлчдийн хөлийг хорихоо больж иргэдийн мэдэх эрхийг хангуулах хэрэгтэй. Сэтгүүлч мэдээлэл олж авч чадахгүй байна гэдэг иргэдийн нүд чих хаалттай байна гэсэн үг.
Бид эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна.
Мэдээллийг ил тод болгохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн шаардлага хүргүүлж байна.
Төрийн ордны үйл ажиллагаа сэтгүүлчдэд хаалттай байгаа зогсоохыг хүсэж буйгаа сэтгүүлчид хэллээ.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:
Одоогоор бүх эрх мэдэл Засгийн газарт бий. Парламент хэрэггүй болчихсон. Бид үүнийг сурвалжлах, ярих, гишүүдийн байр суурийг сонсох шаардлага бий. Олон мянган хүнийг төлөөлөөд ороод ирсэн гишүүд тул үүргээ биелүүлэх хэрэгтэй.
Одоо төсөв хэлэлцэх хариуцлагатай үед сэтгүүлчдийг хорьдог. Өрөөнөөсөө гардаггүй байдлаа болихыг шаардаж байна.
Товч.мн сайтын сэтгүүлч:
Төрийн ордны хурал цуглаан сэтгүүлчдэд хаалттай болоод бараг хоёр жил болж байна. Цар тахлаас болоод үйл ажиллагаа нь зогсоод байсан бүх үйлчилгээний байгууллагууд өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн болгоод байна. Харин төрийн ордон сэтгүүлчдийн мэдээллэх үүргийг хааж боосоор байна. Хэрэв энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгэн улс төрч, төрийн ордны хэвлэлийн бага хурлыг очиж дамжуулахгүй гэдгээ мэдэгдэж байна. Төрийн ордны үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх ёстой.