Categories
мэдээ спорт

Паралимпийн аварга Э.Содномпилжээг “Алтан од” одонгоор шагнажээ

Монголчууд “Токио-2020” паралимпийн наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59 дүгээр байрт жагссан билээ. Тэгвэл паралимпийн наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Э.Содномпилжээг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.

Мөн Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгыг “Алтан очир” одонгоор, дасгалжуулагч Б.Энхбаярыг “Олимпийн алдар” одонгоор тус тус шагналаа.

Энэ үеэр Э.Содномпилжээ “МҮОХ-ны удирдлагууд паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчнаа урамшуулж, дээд шагналаа гардуулсанд маш их баяртай байна. МҮОХ, Монголын паралимпийн хороо, БТСУХ-ны удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд “Парис-2024” олимпод амжилтаа бататгах хэтийн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, МУГТ Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтоол баталсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *