Categories
мэдээ нийгэм

​”Цаашид томуугийн вирус эргэлтэд орж нэмэгдэнэ. Тиймээс ирэх сараас нэлээд хүндрэл үүснэ” гэв


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа оролцож, мэдээлэл өглөө.

“Өнгөрсөн долоо хоногт COVID-19-ийн 33,626 шинэ тохиолдол бүртгэгдсэн”

Тэрбээр “Зөвхөн томуугийн вирусээс гадна томуу төстэй өвчлөлүүдийг үүсгэдэг маш олон вирус байдаг. COVID-19 халдвар ч томуу төст өвчний тоонд орж явна.

Улирлын томуугийн болон цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр улирал хоорондын түвшинд өвчлөл нэмэгдэж байна.

Тодруулбал, амьсгалын замын цочмог хүнд халдвартай эмчлүүлэгчид нийт эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 26 хувийг эзэлж байна.

Коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлэгчдийг авч үзэхэд, 16-24, 50-60 насныхан дунд өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.

Харин томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэн байдалтай байгаа юм.

Түүнчлэн томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 9.2 хувийг эзэлж байна.

Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн идэвхжилт нэлээд өндөр байдаг.

Тиймээс бид зөвхөн COVID-19-ийн сорьц цуглуулж шинжлээгүй бөгөөд түүвэр аргаар тандалтын нэгжүүдээс ирсэн сорьцоос томуугийн болон бусад амьсгалын замын вирусийг давхар шинжилж байгаа.

Ингэхэд томуугийн вирус одоогоор хараахан эргэлтэд ороогүй байна. Харин томуу төстэй буюу томуугийн шинж тэмдгээр илэрдэг өвчлөлүүд буюу реновирус, аденовирус болон улирлын коронавирусийн тохиолдлууд бүртгэгдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, хүн амын дунд COVID-19-өөс гадна бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирусүүд эргэлтэд байна гэж ойлгож болно.

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч, хүн амын нягтрал бий болсонтой холбоотойгоор цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх нь ойлгомжтой.

Цар тахлын вирустэй зэрэгцээд томуугийн өвчлөл, бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирус эргэлтэд орвол ирэх томуугийн улиралд нэлээд хүндрэлтэй байх таамаг байна.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд коронавируст халдварын 33,626 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Долоо хоногт бүртгэгдэх тохиолдол улам нэмэгдэж байна. Есдүгээр сарын 4-10-ны өдрүүдийн байдлаар өдөрт дунджаар 4,803 тохиолдол шинээр батлагдаж байсан бол одоо энэ тоо 1,600 тохиолдлоор өссөн байдалтай байна.

Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *