Categories
мэдээ нийгэм

Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй 20 мянга орчим иргэн байна

2017 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр баталсан НҮБ-ын Ерөнхий Ассемблей Чуулганаар жил бүрийн есдүгээр сарын 23-ны өдрийг “ОЛОН УЛСЫН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ӨДӨР” болгохоор албан ёсоор баталсан.

Ингээд бүх гишүүн орнууд, НҮБ-ын системийн холбогдох байгууллагууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг дохионы хэлний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын дохионы хэлний өдрийг зохих ёсоор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан билээ.

Сонсголгүй Иргэдийн Дэлхийн Холбооны (СИДХ) санаачилгаар Сонсголгүй Иргэдийн Олон Улсын долоо хоногийг анх удаагаа Италийн Ром хотноо 1958 онд тэмдэглэжээ. СИДХ-ны анхны Конгресс есдүгээр сарын сүүлийн долоо хоногт чуулсан ба энэ үед Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү долоо хоногийг олон улсын Сонсголгүй иргэд жил бүр тэмдэглэдэг болсон бөгөөд жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг.

Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийн ажлын хүрээнд жагсаал, хэлэлцүүлэг, компанит ажил, үзэсгэлэн, уулзалт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж гэр бүл, үе тэнгийнхэн, төр засгийн байгууллагууд, дохионы хэлний мэргэжлийн хэлмэрчид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага зэрэг уялдаа холбоотой байгууллага, холбоод, хувь хүн, хамт олны оролцоотойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Манай улс 2005 оноос хойш жил бүр Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг зохион байгуулсаар ирсэн. СИДХ-ноос 2021 онд сонсголгүй иргэдийн долоо хоногийг “ӨӨДЛӨН ДЭВЖСЭН СОНСГОЛГҮЙ ОЛОН НИЙТИЙГ АЛДАРШУУЛЪЯ” уриатайгаар дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо болон бусад төрийн байгууллагууд төрөл бүрийн цуврал арга хэмжээ, нөлөөллийн компанит ажил зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд МУСИҮХолбоо болон Сонсголгүй иргэдийн ТББ-уудтай хамтарч Олон Улсын Дохионы хэлний өдрийг өнөөдөр Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8,300 гаруй иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 12,671 иргэн байдаг. Эдүгээ манай улсад дөнгөж 20 шахам монгол дохионы хэлний хэлмэрч байгаа бөгөөд Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгуулгуудаас гадна Монгол Улсын хэмжээнд монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэж байгаа сургууль байхгүй байна.

МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛ БОЛ АЛБАН ЁСНЫ ХЭЛ МӨН гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн 12-р бүлгийн 1-р зүйлд заасны дагуу бид ОЛОН УЛСЫН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ӨДРӨӨР эх хэлээрээ бахархах, баярлахын сацуу Монгол дохионы хэлний хуультай болох санаачилга дэвшүүлж байгаа ажээ. Монгол дохионы хэлний хуультай болсноор монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын мэргэжлийн сургуулиудаар бэлтгэх, улмаар сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмж сайжрах үндсэн нөхцөл бүрдэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *