Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Батдаваа: Экспорт, инфляци хоёр эрсдэл үүсгэж мэдэхээр байна

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.


-Танайхаас иргэдийн дундаж цалин гээд нэг сая гаруй төгрөг гэсэн тоо зарлачихдаг. Яг ачир дээрээ ийм хэмжээний цалин авдаг нь цөөхөн гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг. Дундаж цалингийн хэмжээг яаж гаргадаг юм бэ?

-Иргэдийн зүгээс тэнгэрийн тоо хэллээ гэсэн шүүмжлэл гардаг л даа. Жишээ нь, манай ҮСХ-ны ажилтны цалингийн дундаж нь нэг сая төгрөг байдаг. ҮСХ-ноос улсын хэмжээний дундаж цалинг 1.3 сая төгрөг гэж зарладаг. Бид НДЕГ-аас мэдээлэл авдаг юм. Нийгмийн даатгал төлж байгаа 680 орчим мянган хүн бий. Тэдний цалинг хүний тоонд нь хуваагаад дундажлахаар 1.3 сая гэсэн хэмжээ гарч ирдэг. Иргэдийн шүүмжлэлийн тухайд юуны түрүүнд дундаж гэдэг үгийг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Өндөр, бага гээд бүх түвшний цалинтай хүмүүсийг дундажлахаар ийм тоо гараад байгаа юм. Гэтэл нийгмийн даатгал төлж яваа нийт хүмүүсийн 60-70 хувь нь 1.3 сая төгрөгөөс бага цалин авдаг. Үүнээс гадна даатгал төлдөг 680 мянган хүнийг хамгийн багаас нь хамгийн их цалин авдгаар нь жагсаагаад 340 мянга дахь хүний цалин хэд вэ гэдгийг харж зарладаг. Ингээд харахаар 900 мянга гэсэн тоо гардаг. Өөрөөр хэлбэл, голч цалин ийм хэмжээтэй байна гэсэн үг.

-Хамгийн бага цалин гэвэл хэчнээн төгрөг байгаа бол?

-600-700 мянган төгрөг. Үйлчилгээний салбарынхан голдуу ийм хэмжээний цалин авч байгаа. Нийт ажилчдын 50 орчим хувь нь үйлчилгээний салбарынхан. Хамгийн их ажилчидтай салбарын цалин хамгийн бага учраас иргэд 1.3 сая гэсэн тоо сонсоод бухимдах нь аргагүй л дээ.

-Сүүлийн үед боомт дээр ачаа гацсан нь том асуудал болоод байна. Хил дээр бараа гацчихаар импортын хэмжээ буурч таарах байх, ямар бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан зурагтай байна?

-Гаалийн ерөнхий газраас эхний найман сард гаргасан импортыг харахаар өсөлттэй харагдаж байгаа. Импорт 30 орчим хувиар буюу нэг тэрбум ам.доллараар өссөн. Импортын өсөлтөд нөлөөлсөн гол шалтгаан нь уул уурхайд ашигладаг машин механизм гэх мэт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд. Хоёр дахь шалтгаан нь газрын тос. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр 2.2 дахин өссөнтэй холбоотойгоор манай улсын импортолдог дизель, Аи-95 гэх мэт бүтээгдэхүүний үнэ өссөн. Бас өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийн өсөлт ч нөлөөлж байна.

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт импортын өсөлтөд нөлөөлсөн гэсэн үг үү?

-Үнийн өсөлт нөлөөлснөөс гадна биет хэмжээний өсөлт ч бий. Ноднин ургац муу байсантай холбоотойгоор улаанбуудайн импорт их хэмжээгээр өссөн. Мөн ковидтой холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн импорт нэмэгдсэн байгаа.

-Иргэдийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ буураагүй гэж ойлголоо…?

-Хэмжээний хувьд тэгтлээ багассан зүйл харагдахгүй байна. Үнэ өртгийн хувьд нэмэгдэж байгаа асуудал бол бий. Инфляцийг саяхан 8.9 хувь гэж зарлалаа. 8.9 хувиар хэмжигдсэн инфляцид импортын нөлөө хэр вэ гээд харахаар 4.4 хувь байгаа. 1.4 хувь нь шатахуун, үлдсэн хувийнх нь тухайд импортын бусад бараа нөлөөлсөн. Төгрөгийн доллартай харьцах ханш сүүлийн нэг жилд сулраагүй, тогтвортой байсан. Нөгөө талд экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй яваа. Тээврийн үнэ өсч буйтай холбоотойгоор үнийн өсөлт инфляцид нөлөөлж байна л даа. Тодруулж хэлбэл, импортын нөлөөгөөр инфляци өсч байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, хил гаалийн гацаанаас болж нэмэгдсэн тээврийн үнийн өсөлтийн нөлөө орж ирж байна. Дэлхийн зах зээлийг харахад цар тахалтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд дунджаар 33 хувь өссөн гэх статистик бий. Бараа бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, тээврийн үнийн өсөлт ч дэлхийн зах зээлд асуудал болж яваа. Хорио цээрээс шалтгаалаад дэлхийд контейнерийн эргэлт муудчихсан. Хятад, Америкийн гол портууд дээр түгжрэл үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн далайн тээврийн голлох арван чиглэлийн портуудын контейнерийн үнэ ноднин дундаж нь 2500 ам.доллар байсан бол одоо 15 мянган ам.доллар болж өсчихөөд байна.

-Компаниудаас аль салбарынхан илүү хэцүүдээд байна вэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг харахаар нийт 200 гаруй мянга орчим бүртгэлтэйгээс 94 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан юм, түрүү жил. Энэ оны нэгдүгээр улиралд 91 мянга руу уруудсан. Салбараар нь харахад худалдаа, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд хамгийн том цохилт авчихаад байна л даа. Шалтгаан нь мэдээж цар тахал.

-Гадаад ертөнцөд байдал ийм байгаа нөхцөлд импортын барааны үнийн өсөлт ирэх саруудад ч инфляцид нөлөөлөх эрсдэл өндөр юм байна даа?

-Магадгүй. Тийм эрсдэл харагдаж байгаа.

-Экспортын хувьд зэсийн баяжмал дажгүй, нүүрс тээвэр гацсан байгаа. Төмрийн хүдэр, жонш гээд экспортын бүтээгдэхүүнүүдийн гаралт хэр байна вэ?

-Эхний найман сарын байдлаар экспортын нийт өсөлт 25 орчим хувьтай байна. Үнийн дүнгийн хувьд 1.2 тэрбум ам.доллараар өссөн. Өсөлттэй юм шиг харагдаж байгаа ч биет хэмжээгээр нь задлаад харвал газрын тосноос бусад экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн хэмжээ буурчихсан. Тухайлбал, 2019 оны эхний найман сард 25 сая тонн нүүрс экспортолж байсан бол ноднин 15 саяыг гаргасан. Гэтэл энэ оны эхний найман сарын байдлаар 11.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Зэсийн баяжмалын хувьд ноднин өдийд 900 гаруй мянган тонныг гаргаж байсан бол өнөө жил 890 орчим мянган тонныг гаргасан байна. Дэлхийн зах зээл дээр энэ хоёр бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас олсон мөнгөний хувьд түрүү жилийнхээс өссөн гэсэн эерэг тал бий. Алтны тухайд ноднин өдийд 20 тонныг экспортолж байсан бол өнөөдрийн хувьд дөрөв, таван тонн орчмыг гаргасан байна. Төмрийн хүдэр 5.6 саяыг экспортолж байсан бол энэ жил 5.3 сая тонныг гаргасан байгаа. Гэхдээ экспортын үнийн дүн нь түрүү жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдчихсэн. Төмрийн хүдрийн үнэ өндөр байгаа учраас. Ингээд харахаар манай улсын хувьд оны эхний дөрвөн сард экспортын хэмжээ маш сайн байснаа 5-8 дугаар саруудад ковидоос шалтгаалаад гаралт нь багассан. Уг нь дэлхийн зах зээл дээр үнэ ийм өсөлттэй үед экспортоо сайн хийж байсан бол эдийн засагт их хэрэгтэй байлаа.

-Хятадын талаас их хатуу дэг бариад байх шиг…?

-Яг үнэн. Хятад дотооддоо ковид алдахгүй гэдэг маш хатуу бодлого барьж байна л даа. Дэлхийн улсуудаас хамгийн хатуу бодлоготой орон болчихлоо. Дараа жилийн хоёрдугаар сард өвлийн олимп болно, аравдугаар сард Коммунист намын их хурлаа зохион байгуулна гэж бэлдэж байгаа. Тэр утгаараа ковид гарсан засаг захиргаандаа маш хатуу арга хэмжээ авч, хөл хорио тогтоож байна. Манай экспорт муудсаны цаана ийм шалтгаан бас бий.

-Ийм байдал удаан үргэлжилбэл, нүүрсний экспорт энэ хэвээрээ гацсаар байвал оны эцэст экспорт ямархуу байдалд хүрэх бол?

-Хэрвээ таны болгоомжилсон шиг байдал үүсвэл экспортын үнийн дүнгийн 25 хувийн өсөлтийн тухайд буурах эрсдэл бий. Ингэвэл төлбөрийн тэнцэл дээр дарамт болно. Төлбөрийн тэнцэл гэдэг маань Монгол Улсын дэлхийтэй хийж байгаа бараа, үйлчилгээ, зээл гээд бүх юмны тэнцлийг харуулдаг. Төлбөрийн тэнцэлдээ дарамт болчихоор гадаад валютын нөөц дээр эрсдэл болоод ирнэ. Цаашлуулаад харвал татварын орлого дээр ч асуудал үүснэ гэсэн үг.

-Нөхцөл байдлаа харахаар инфляци оны эцэст хоёр оронтой тоо руу орох эрсдэл харагдаад байх юм…?

-Монголбанкны саяхан хийсэн бодлогын мэдэгдлээс харахад нийлүүлэлтийн чанартай буюу нэг удаагийн шинж чанартай инфляци давамгайлж байна гэчихлээ. Эрэлт талаасаа буюу эдийн засаг халснаас үүссэн инфляци бага байна гэсэн үг. Мөнгөний бодлогын тухайд бодлогын хүүгээр дамжуулж эрэлт талыг нь л удирдаж чаддаг. Тэр утгаараа төв банк сая бодлогын хүүгээ өсгөсөнгүй. Уул уурхай, худалдааны салбараас бусад нь уналттай хэвээр байгаа. Эдийн засаг ийм эмзэг үед бодлогоо чангаруулчихвал эрсдэл үүснэ гэж харсан учраас Монголбанк бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн байх. Бусад орнуудын төв банкууд ч бодлогын хүүгээ өсгөхгүй байна л даа. Солонгосын төв банк л бодлогын хүүгээ өсгөсөн. Гэхдээ импортын барааны үнийн өсөлт, хил гаалийн асуудал энэ хэвээр удаан үргэлжилбэл инфляци дээр дарамт орж ирээд байна л гэсэн үг. Эдийн засагт үүсч мэдэх эрсдэлийг багцлаад харвал экспорт, инфляци хоёр л байна.

-Саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жиптэй, хаустай, өчнөөн малтай иргэд хүнсний талон авч байгааг тоо баримттай нь дэлгэлээ. Тэр статистикийг танайхаас гаргасан уу?

-Манайхаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч хийсэн л дээ. Манай дээр байгаа Өрхийн мэдээллийн сантай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүнсний талон авдаг иргэдийн мэдээллийг холбосон юм. Хүнсний талон авдаг хүмүүсийг мэдээллийг мал, орон сууц, машин эзэмшлийн мэдээлэлтэй нь холбочихоор гараад ирсэн тоо л доо. Үүнийг цааш нь баяжуулаад банкны болон газар өмчлөлийн мэдээлэлтэй нь холбовол бүр ч нарийн мэдээлэл гарч ирнэ. Ийм нарийн мэдээлэлтэй болчихвол нийгмийн халамж авах шаардлагагүй хүмүүсийн тоог гаргаж ирэх асуудал биш. Ингэвэл төсөв хэмнэгдэнэ, хэмнэсэн мөнгөө хэрэгтэй хөрөнгө оруулалт болгоод явчихна. Эдийн засагт өгөөжөө өгнө гэсэн үг.

-Ганц хүнсний талон ч биш маш олон төрлийн халамжийг хумих боломж бүрдчихжээ…?

-Тэгж ойлгож болно. Яг өнөөгийн технологийн маань боломж гэвэл мэдээллүүдээ гараар зөөж холбож байгаа. Гараар зөөнө гэдэг маань нууцлалыг хангаж, нууцлалтай компьютерт холбож байна гэсэн үг. Ингэж ажиллахад цаг их ордог. Бид нэг зүйлд зорьж яваа. Үндэсний дата төв дээр төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэж, тэнд нь холбодог байнгын орчин үүсгэе гэсэн зорилго байна. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ мэдээллүүдийг сар бүр, долоо хоногт тутам, өдөр болгон хараад хэн шаардлага хангаж байна вэ гэдгийг олж мэдээд хийдээд явчихна.

-Төрийн яамд, агентлаг, банк санхүүгийн байгууллагаас мэдээлэл авч нэгтгээд нарийвчилсан статистиктай болчихвол эзнээ олоогүй хавтгайрсан халамж гэх мэт ойлголт алга болох сайн талтай ч хувь хүний нууцлал гэсэн том асуудал сөхөгдөх нь ээ?

-Тийм асуудал бий. Нууцлалын асуудалд онцгой анхаарах ёстой.

-Та түрүүн боловсролын чанарыг харуулсан статистик үгүйлэгдэж байгаа гээд ярьчихсан. Нээрээ төчнөөн хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэх мэт ерөнхий хуурай тоонууд л дуулддаг юм байна шүү?

-Боловсролын статистик гэхээр таны хэлж байгаачлан хангамж яриад байдаг л даа. Нийт хүүхдийн төчнөөн хувь нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдлаа гэх мэт юм яриад яваа. Чанарын үзүүлэлтүүд нь орхигдчихсон. Өрхийн мэдээллийн санг нийгмийн даатгал, орлого гээд бүх зүйлтэй нь холбоод өндөр, бага орлоготой өрхийн хүүхдүүдийн сурлага ямар байна гэх мэтээр илүү нарийн үзүүлэлтүүд гараад ирнэ. Тэр үзүүлэлтийг Боловсролын яам хараад бодлого, шийдвэрээ гаргах учиртай. Хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм бол хүн бүрд тэгш боломж олгох учиртай. Эмзэг бүлгийн орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад илүү хөрөнгө оруулалт хуваарилах, чадвартай багш нарыг ажиллуулах, үдийн хоолыг нь чанаржуулах гэх мэт шийдлүүд гаргаад явбал боловсролын чанарт эерэг үр дүн гарна. Олон улсын нэг судалгаа байдаг юм билээ. Хоол хүнсний хүртээмж муу орчинд сурсан хүүхдийн насанд хүрээд гаргах амжилт хүнсний хангамж сайн орчинд өссөн үеийнхнээсээ 20 хувиар бага байдаг гэсэн судалгаа. Өөрөөр хэлбэл, статистикийг боловсролын салбарт ингэж нарийвчилж байж бид үе дамжсан ядуурал гэсэн асуудлыг шийднэ.

-Хангалуун амьдралтай хэрнээ хүнсний талон авч байгаа хүмүүсийг ил тод болгосон нь олон талын мэдээллийг холбосны өгөөж байж. Ийм нарийн статистикийг Их өгөгдөл гэж тодотгоод байна гэж ойлгосон, зөв үү?

-Статистикийн байгууллагууд статистикаа хоёр төрлийн мэдээлэл дээр тулгуурлаж гаргадаг л даа. Нэг нь албан ёсны статистик. Тодруулж хэлбэл, Статистикийн хороо өөрсдийнхөө хийдэг түүвэр судалгаанаасаа нийт иргэдийн амьдралыг төлөөлөхүйц тоон мэдээллийг гаргадаг. Монголд 900 мянган өрх байлаа гэхэд 16 мянган өрхийг нь сонгоод өрхийн нийгэм эдийн засгийн, ажиллах хүчний гэх мэт судалгаа хийхийг түүвэр гэж тодотгоод байгаа юм. Хоёр дахь төрлийн мэдээллийн хувьд захиргааны мэдээлэл буюу Монголбанк, Сангийн яам, НДЕГ, яамд, агентлагуудаас ҮСХ-ноос баталсан маягтийн дагуу мэдээлэл авч өнөөхөө ахиж хянаад олон нийтэд зарлаад явж байгаа. Товчхондоо үүнийг их өгөгдөл гээд байгаа юм. Түүвэр судалгаа хийхэд их цаг ордог, боловсруулах гэсээр байтал хагас сар өнгөрчихдөг учраас мэдээллийн ач холбогдол нь бүдгэрчихдэг сул талтай. Бүх зүйл маш хурдацтай өөрчлөгдөж яваа ийм үед мэдээлэл хугацаандаа гарахгүй байхаар статистикийн мэдээллийг хэрэглээ, бодлогын шийдвэр гаргахад ашиглахад учир дутагдалтай болоод байна л даа. Захиргааны мэдээллүүдээс авахаар хэт нэгтгэчихсэн мэдээлэл өгдөг сул тал бий. Гэтэл бодлогын шийдвэр гаргахад илүү нарийн мэдээлэл хэрэгтэй байдаг. Жишээ нь, НДЕГ-аас ирдэг цалингийн мэдээлэл гэхэд 1.3-1.5 сая төгрөгийн цалин авдаг төчнөөн хүн байна гээд ирүүлчихдэг. Энэ мэдээллийг Боловсролын яамны мэдээлэлтэй холбох боломжтой. 1.3-1.5 сая төгрөгийн цалин авч яваа хүмүүсийн боловсрол нь ямар вэ, яг ямар мэргэжлийнхэн түлхүү байна гэдгээр нь гаргаад ирвэл илүү нарийн мэдээлэл болох гээд байгаа биз. Дээрээс нь үүнийг хүн ам, өрхийн мэдээллийн сантай холбочихвол ямар байр, орон сууцанд, хаана амьдардаг хүмүүс илүү цалинтай байна гэх мэтээр бүр нарийн мэдээллүүд гарч ирнэ. Дээрээс нь банкны мэдээлэлтэй холбочихвол энэ хүмүүсийн хадгаламж, зээлийн мэдээлэл тодорхой болно. Ингэж олон хэмжээстээр үзүүлэлтүүдийг харах боломж гараад ирвэл бодлогын шийдвэр гаргалт илүү, бодитой, оновчтой болно гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *