Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээтэй танилцлаа. Энэ үеэр олон нийтийн шүүмжлэл дагуулсан “Digital Nation-2021” үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас ААН, хувийн хэвшлүүдээ дэмжиж оролцсон. Тэд томоохон хэмжээний дэвшлүүдээ иргэд, залуучуудад ойлгуулах гэсэн оролдлого байсныг буруутгаж огт болохгүй гэж бодож байна. Хамтарч ажилласан ААН-үүд алдаа гаргасан, олон хүн цуглахыг дутуу тооцсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадаах арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Монгол Улсын эдийн засаг 1992 онд хасах баланс руу орсон. Энэ оны дөрөв, тавдугаар сард дахин нэг удаа хасах руу орлоо. Улсын төсөв 23 хувиар тасалдсан зэрэг амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Тийм учраас цаашид эдийн засгаа нээх бодлого барина” гэлээ.
Мөн тэрээр “Засгийн газар цар тахлын амаргүй үед ажиллаж байна. Ер бусын цаг хугацаа учраас эдийн засагт ч ер бусын шинж тэмдэг илэрч байна. Зөвхөн Монголд бус дэлхий даяар ийм байна.
Засгийн газар дөрөвдүгээр сараас эхлээд аль болох нээлттэй байх бодлогыг барилаа. Амьдрал энгийн хэмнэлдээ орж эхэлж байна. Засгийн газраас гадаа талбайд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжинэ. Бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно” гэсэн тайлбар өглөө.