Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ

Дэлхийн анхны эмэгтэй Их мастер, ЗХУ-ын домогт шатарчин Нона Гаприндашвили “The Queen’s Gambit” цувралд түүний гаргасан амжилтын талаар буруу ташаа мэдээлэл дурдаж, нэр төрд нь халдсан хэргээр “Netflix” компанийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Тодруулбал, цувралын төгсгөлийн ангид тайлбарлагч Бет Хармоны тоглолтын үеэр ЗХУ-ын домогт шатарчин Н.Гаприндашвилийн талаар дурддаг хэсэг гардаг бөгөөд түүнийг “эрэгтэй шатарчидтай хэзээ ч тоглож байгаагүй” гэж хэлдэг байна.

Киноны үйл явдал 1968 оны үеийг харуулдаг бөгөөд Н.Гаприндашвили тухайн үед ойролцоогоор 59 эрэгтэй шатарчны эсрэг тоглож байсан түүхтэй ажээ.

Гүржийн Зугдиди хотод 1941 онд төрсөн Н.Гаприндашвили 13 настайгаасаа шатар тоглож эхэлсэн бөгөөд тэрбээр 20 настайдаа Дэлхийн аварга болж, Их мастер цол хүртсэн анхны эмэгтэй болж байжээ.

АНУ-ын “Netflix” компани гаргасан мэдэгдэлдээ, түүний нэхэмжлэлийг “ямар ч ач холбогдолгүй” болохыг дурдаж, түүний нэр хүнд, амжилтыг дээд зэргээр хүндэтгэсэн талаараа онцолжээ.

Лос-Анжелес хотын Дүүргийн шүүхэд пүрэв гарагт өгсөн 25 хуудас бүхий материалд, “Netflix” компани тус цувралын гол дүрийн баатрыг өөр ямар ч эмэгтэй шатарчид тэр дундаа Н.Гаприндашвилийн гаргаж байгаагүй амжилтыг гаргасан мэтээр харагдуулахын тулд Их мастерын гаргасан амжилтыг үл тоомсорлон санаатайгаар худал мэдээлэл тарааж, олон сая үзэгчийн өмнө нэр төрийг нь гутаасан. “Нона Гаприндашвили хэзээ ч эрэгтэй шатарчидтай нүүр тулж байгаагүй” гэсэн мэдэгдэл нь ор үндэсгүй, худал бөгөөд хүйсээр ялгаварлаж байна хэмээн тус компанийг буруутгажээ.

Тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсаны зэрэгцээ “Netflix” компаниас таван сая ам.долларын нөхөн төлбөр буюу 3.6 сая фунт стерлинг нэхэмжилсэн байна.

“The Queen’s Gambit” цувралыг Уолтер Тевисийн 1983 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд гол дүр болох шатрын гоц авьяастан охин Бет Хармоны дүрийг Аня Тейлор-Жой бүтээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *