Куба улсад 2-10 настнуудыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн тухай “Ассошэйтэд пресс” мэдээлж байна. Тус улсад эх орны үйлдвэрийн “Абдала”, “Соберана” вакциныг хүн амаа дархлаажуулахад ашиглаж байгаа юм.
Их Британид коронавирусийн эсрэг вакцины бүүстер буюу 3 тунг хийж эхэлжээ. Италид харин ирэх сарын 15-наас эхлэн грин буюу эрүүл мэндийн паспортыг ашиглахаар товложээ. Энэ тухай болон коронавирусийн олон улсын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн онцолж буй мэдээллийг нэгтгэн хүргэе.
Кубын тухайд тус улсын Засгийн газар өнгөрсөн 7 хоногт 11-18 настнууддаа коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн. Харин өчигдрөөс 2-10 настнуудыг дархлаажуулалтад хамруулж эхэлжээ. Ингэснээр тус улсын хүн амын коронавирусний “дельта” хувилбарын халдварын тархалтыг тогтоон барих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.
Кубад хоногт бүртгэгдэж байгаа халдварын батлагдсан тохиолдлын тоо сүүлийн үед байнга өсч байгаа нь эрүүл мэндийн салбарынхны ачааллыг эрс нэмж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ч улам хурцатгах болсон байна.
Энэ хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өндөр хөгжилтэй орнуудын эрх баригчдад бүүстер тун хийхээ хойшлуулж хүрэлцээ хангамж муутай ядуу буурай орнуудад вакцин хандивлахыг уриалсаар байна. Гэвч Их Британид л гэхэд өчигдрөөс эрүүл мэндийн салбарынхан, 50-иас дээш настнууд, эрсдэлтэй бүлгийнхнээ нэмэлт вакцинд хамруулж эхлээд байна. Намар, өвлийн улиралд халдвар ихээр тархаж өвчлөл нэмэгдэхээс сэргийлж нэмэлт тунг хийж байгаагаа тус улсын эрүүл мэндийн сайд зарласан юм.
БНХАУ-д нийт 1 тэрбум орчим хүн коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа нь нийт хүн амынх нь 70 орчим хувь болж байгаа юм байна. Мөн тэдгээрийн 95 сая нь 12-17 насныхан, 200 сая нь 60-аас дээш настан байна. Харин нийт 2.16 сая тун вакцин тус улсын хүн амд хийгээд байгаа юм байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ.
Харин “Блүүмберг”-ийн статистик мэдээллээр дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 5.8 тэрбум тун вакциныг хийгээд байна. Мөн хоногт 31.1 сая тун вакцин хийгдэж байна.
Италид ирэх сарын 15-наас эхлэн “грин пасс” ашиглаж эхлэхээр товлоод байна. Энэхүү тусгай бичиг баримтад коронавирусний эсрэг вакцинд хамрагдсаныг, пи си ар шинжилгээний хариу, өвдөөд эдгэсэн гэх тодорхойлолт зэрэг мэдээлэл багтсан байх юм байна. Ийм паспортыг өндөр настнууд, ажилгүй иргэдээс бусад нь заавал авсан байх шаардлага тулгарч байна. Учир нь ийм паспортгүй иргэдийг ажил руу нь оруулахгүй байх, 400-1000 хүртэлх еврогоор торгох журам үйлчилж эхлэх юм.