Хилийн цэргийн 88 жилийн ойн энэ өдөр үүргээ гүйцэтгэж байсан алба хаагч нь зам тээврийн осолд орж, үхэх сэхэхийн заагт байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь хилийн 0243 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч адуундаа явж байгаад автомашинд дайруулжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Алтанбулаг сум руу явах замд энэ осол болсон бөгөөд байлдагчийн бие маш хүнд байгаа гэнэ.
Түүнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж эхэлсэн байна.
Тэрбээр адуундаа явж байхад нь “УАЗ Фургон” загварын автомашин дохиогоо буруу тийшээ өгчихөөд цэргийн алба хаагчийн явж байсан зүг рүү дарж дайрсан гэх мэдээлэл байгаа юм. Зарим эх сурвалж осолд орсон байлдагчийг мотоциклтой явж байсан хэмээж буй бол нөгөө хэсэг нь морь унан адуугаа ойртуулахаар явсан хэмээв.
Хилийн цэргийн анги салбарт энэ он гарсаар иймэрхүү осол, хэрэг 11 удаа гарч, алба хаагчийнх нь амь, эрүүл мэнд хохирчээ. Үүнээс өмнөх жилүүдэд жилдээ 4-5 осол, хэрэг гарч байсантай харьцуулахад ихэд өссөн үзүүлэлт юм.