Categories
мэдээ нийгэм

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аян эхэллээ

“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Эдгээр өрх сайжруулсан түлш түлдэг болоод гурав дахь өвөлтэйгөө золгож байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтдээ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны өвөл 708 мянган тонн болж өссөн. Үүний 504 мянган тонн шахмал түлшийг үнийн дүнгийн 75 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авсан. Энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан авч байгаа. Ийн хямд үнийн бодлого барихын сацуу утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Айл өрхүүд галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш түлснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан байна. Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлтэй 63.620 өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагийн турш хянаж буй. Өндөр эрсдэлтэй хэрэглэгчдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон хүүхэдтэй, хүүхдүүдээ гэртээ харах хүнгүй үлдээдэг, нэн ядуу, зуух, яндангийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөх боломжгүй айл өрхүүдийг багтаажээ. Тухайн айл өрхөд угаар алдагдах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл ирэх бөгөөд эрсдэлийг бага, дунд, их, аюултай, онц аюултай зэргээр үнэлэн, айл өрхүүдийг аюулаас авран хамгаалах юм. “Энэ жилийн хувьд нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас ирсэн. Хүмүүс бороо ормогц гал түлчихээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлээд унтаж байгаагаас угаарын хийн аюул нүүрлэдэг. Түүнчлэн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгарч байгаа. Тиймээс ноднин жил “Яндангаа хөөлье” аян зарлаж 30 гаруй мянган өрхийн янданг хөөлж байсан. Сүүлийн үед иргэд сайжруулсан түлшээ түлж сурч байна” гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал өгүүлж байна.

Иргэд угаарын хий мэдрэгч авахаас цааргалдаг, авсан ч цэнэг нь дууссан байх нь элбэг аж. Зах зээл дээр 15-30 мянган төгрөгийн үнэ ханштай угаарын хий мэдрэгчийг өрх бүр худалдан авч заншихын чухлыг мэргэжилтнүүд онцолж байна.

Түүнчлэн энэ жилээс сайжруулсан шахмал түлшний үнсийг ангилан ялгах дадлыг иргэдэд суулгаж, дахин боловсруулж эхэлж буй тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээллээ.

2020 оноос эхлэн УБЗАА-наас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалжээ. Урьд нь гэр хорооллоос өөр эх үүсвэр, уурхайн нүүрс байсны дээр зарим төрлийн үнсэнд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол ч гарч байж. Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Тиймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор үнс ашиглах стандартыг боловсруулан батлуулахад бэлэн болжээ. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд 5-7 кг үнс ялгардаг бөгөөд айл өрхүүдийн ялгасан үнсийг Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж буй.

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр монгол инженерүүдийн зохион бүтээсэн үнс ялган ангилах болон автомат яндан хөөлөх технологийг танилцуулсан юм. Аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *