Дэлхийн олон оронд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолой, үзэл бодлыг бодлого, шийдвэр тодорхойлдог томчуудад уламжилж, хүүхэд, залуусын оролцоо хамаарлыг бий болгохоор дэлхийн өнцөг булан бүрд Залуучуудын парламентын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Уг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд өөрсдөд нь тулгарч буй жижиг асуудлаас эхлээд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон чухал асуудлыг шийдэхэд гар бие оролцон, шийдвэр гаргагчдад одоо ч нөлөөлсөөр байгаа юм.
Тэгвэл манай улсад тус хөтөлбөр энэ сараас эхлэн хэрэгжиж эхэлснийг дуулгахад таатай байна. Тус хөтөлбөрийн зорилго нь парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй, дэлхийн иргэн болгож төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Уг хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 9 -11 дүгээр ангийн манайлагч сурагчид оролцох бүрэн боломжтой бөгөөд Монгол орон даяар шалгаруулалт нээлттэй явагдах юм.
Өсвөрийн парламент хөтөлбөрийн шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчид есдүгээр сарын 15-наас өмнө доорх Google Forms линкээр https://forms.gle/XRtYs1cag8zgk8Bu7 орж бүртгүүлэн, өөрсдийн танилцуулгыг илгээхээс гадна, “Хүний эрхийн талаар миний бодол” сэдэвт хоёр минутын бичлэг (Мэргэжлийн түвшинд байх шаардлагагүй, гар утсаар бэлтгэж болно.) -ийг илгээх шаардлагатай юм. Мөн “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдэвт 250-300 үгтэй эссээ бичиж илгээнэ. Өсвөрийн параламент хөтөлбөрт оролцох хүсэлтэй ирүүлсэн нийт сурагчдаас 90 хүүхдийг сонгон шалгаруулж зургаан долоо хоногийн турш олон төрлийн сургалтад хамруулах юм байна. Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг edu.parliament.mn вэб сайтын “Өсвөрийн Парламент” цэс, “ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ“ Фэйсбүүк пэйж хуудас болон 89006688, 99039996 дугаарын утсаар тодруулах боломжтой юм.
П.ЗАЯА