Хөвсгөл болон Дундговь аймагт өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн Ламтайга гэдэг газар есдүгээр сарын 14-ний 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.
Мөн Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” есдүгээр сарын 14-ний 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Засаг даргын Тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нар газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүйг холбогдох албаныханд мэдээлжээ.
Газар хөдөлсөн солбицол:
- Хөвсгөл: Ө-50°02”24” У-98°10”12”
- Дундговь: Ө-46°13”12” У-106°51”00”
2021 он гарснаас хойш манай улсын найман аймагт 3-6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.
- 2021.01.08 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 4.2 магнитуд
- 2021.01.12 Хөвсгөл аймагт 6.7 магнитуд
- 2021.01.13 Баян-Өлгий аймагт 3.1 магнитуд
- 2021.02.13 Говь-Алтай аймгийн Чандмань суманд 3.6 магнитуд
- 2021.03.23 Говьсүмбэрт болсон 5.5 магнитуд
- 2021.07.09 Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 3.8 магнитуд
- 2021.07.22 Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагш 49 километрт 5.2 магнитуд
- 2021.09.08 Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойш 18 км-ын зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
Харин өнгөрсөн шөнө Дундговь аймагт газар хөдөлснөөр ес дэх аймаг болж байна.