Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ардчилалд аюул учрахад ард түмэн Ардчиллын баатрыг дуудаж байна

УИХ-ын 18 дугаар тойрог Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас Нийслэлийн АН-ын дарга, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл нэр дэвшихээр болсон. Өнөөдөр Монголд нэг нам илт давуу байдлаар засаглаж байна. Үндсэндээ 2016 оноос Монголын төрийг Монгол ардын нам удирдаж, сүүлийн хоёр удаагийн парламентад үнэмлэхүй олон суудал авч улс төрийн ноёрхлоо тогтоосон. Ардын нам өөрийн Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, Их хурлын дарга, Засгийн газрын сайдууд, нийслэл, хот дүүргийн удирдлагууд гээд улс төрийн дээд доод шатны бүх албан тушаалд эзэрхэн сууж байгаа. Хуучин нийгэм шиг нэг намын дарангуйлал тогтлоо гэх нь юу юм. Гэхдээ Монголын ардчилалд аюул нүүрлэсэн. Сүүлийн хоёр жил “чанга гар” гэж юу болох, нэг намын дэглэм ямар хатуу харгис гэдгийг бид биеэр үзэж туулсан.

Эрх баригчид ковидоор далимдуулан хамгийн түрүүнд хэвлэлийн мэдээллийн амыг барих гэж улайран дайрсан. Мөн цагдаагийн хурандаагаар ахлуулсан хуучны До яам шиг алба байгуулж бусдад өвчин халдаасан иргэнд 1-5 жилийн ял хүлээлгэнэ гэдгийг хатуу мэдэгдсэн. Монголын нийгмийн тэр чигт нь хааж хорьж, аж ахуйн нэгж, албан газруудын хаалга үүдийг түгжиж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулийг хэрхэн явуулав, ковидын цар тахал хэрээс хэтэрсэн байхад өнгөрөгч хавар Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж эз дийлэн явуулав. Гэтэл сонгуулийн дараа “МАН-ынхан сонгуулийг луйвардсан, хар машиныг хакердаж хүссэн нэр дэвшигчээ хууль бусаар ялуулсан” гэх байж боломгүй ноцтой мэдээллийг иргэн Ган-Очир өөрийн биеэр олон нийтэд хүргэсэн. Хэрвээ түүний хэлснээр МАН хууль бусаар 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь үнэн юм бол Монголын ардчилалд ноцтой аюул нүүрлэсэн нь мэдээж.

Ингээд луйвардаад сонгочихдог юм бол ардчиллаар яах юм бэ. Энэ асуудал ардчиллыг хүсдэг, дэмждэг ард түмнийг үзэл санааны хувьд гутаан доромжилсон үйлдэл гэдгийг ардчиллын лидерүүд хэлж байсан. Ардын намын Ерөнхийлөгч тангаргаа өргөх өдөр ард түмний төлөөлөл төв талбайд үг хэлснийхээ төлөө хууль хүчнийхэнд ямар дээрэнгүйгээр баривчлагдсан билээ. Иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, цаашлаад эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтойтоор зөрчигдөж ардчилал хумигдаж байна. Ардчилал хумигдаад ирэхээр тухайн нийгэмд яалт ч үгүй нэг намын дарангуйлал тогтохоос өөр гарцгүй болдог. Яг ийм хүнд нөхцөлд Ардчилсан нам УИХ-ын нөхөн сонгуульд Үүл баатрын нэрийг дэвшүүлсэн нь цагаа олсон явдал боллоо.

Бат-Үүл бол нэг намын дарангуйлал 70 жилийн туршид эзлэн ноёрхсон Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм тогтоход түүхэн гавьяа байгуулсан гэдгийг бид байтугай дэлхий мэднэ. Нэрт зохиолч сэхээтний гэр бүлд төрсөн тэрээр идэр залуу насандаа буюу 1982-1985 онд өөрийн хүсэлтээр алс хол дархадын хязгаар Хөвсгөлийн Ринченлхүмбэ сумыг гэр бүлээрээ зорьж, бөглүү тайгын хүүхдүүдэд физикийн хичээл заан тус сумынхныг гэгээрүүлж сэхээрүүлсэн түүхтэй. Дараа нь улс орны оюун санааны гол цөм болсон ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад ерэн оны цагаан морин жил ардчилсан хувьсгалыг удирдан Монголын ард түмнийг шинэ нийгэмтэй золгуулсан баатарлаг гавьяаны эзэн юм. Энэ хүн ардчиллынхаа гавьяагаар баатар болсон шигээ нийслэл хотод мөн онцгой гавьяа байгуулсныг нийслэлчүүд сайн мэднэ. Тэрээр 2012 онд хотын даргаар томилогдон Улаанбаатарын газрыг дураараа зарж үрж туйгасан “Газрын мафи”-ийнхантай хатуу тэмцэж эхэлсэн. Хотын даргын албыг авч тамгаа гардаж авангуутаа хамгийн түрүүнд тогтоол гарган газрын наймааг зогсоосон байдаг.

“Над руу газрын авлига наймаагаар хөлжсөн нийслэлийг удирдаж байсан бүлэглэлийн зүгээс маш хүчтэй гүтгэлэг дайралтыг эрчимжүүлэх боллоо. Газрын мафи гэж нэрлэгдсэн бүлэглэл улайран дайрч байна. Дэлхийн банкны тайлан мэдээллээс 2012 он хүртэлх газар олголтын нийт мөнгөн дүн 29.6 их наяд төгрөг гэсэн судалгаа гарсан. Энэ мөнгө улсын орлого болж ирсэн бол Монголд 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байлаа” гэж Ардын намынхны халаасанд орсон авлигачдын мөнгийг ил цагаан зарлаж байсан. 26 мянган сургууль цэцэрлэг барих 30 их наяд төгрөгөөр тухайн үеийн хотын удирдлагууд туйгасан гэж бодохоор хуучин ху нам буюу одоогийн Ардын намынхан ард түмэндээ ямар энэрэл ээлгүй, цэвдэг хүйтэн сэтгэлээр хотыг удирдаж байсныг нь бодохоор гол харламаар. Үүл даргын үед Улаанбаатар эзэнтэй юм шиг өсч өндийж ирсэн. Удаа ч үгүй Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг том төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Бат-Үүлийн нэрийн хуудас энэхүү төсөл хэрэгжсэнээр хичнээн зуун мянган өрх айлд аз жаргал, баяр баясгалан, амьдралын сайхныг бэлэглэсэн гэж бодно.

Гэр хорооллын 24 байршилд дахин төлөвлөлт явагдаж 600 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эхний ээлжинд шууд орж, зөвхөн 2014-2015 онд гэхэд л 7764 айлын орон сууцны барилгын ажил эхэлж, 2394 айлын орон сууц ашиглалтад орж байв. “Уг төслийн дүнд 85 мянган айлын 320 мянга гаруй иргэн тохилог орон сууцанд амьдарч, 9 мянган хүүхдийн сургууль цэцэрлэг, 44 км авто зам, 465 га ногоон байгууламж бий болно. Ингэснээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бүрэн хангагдана” хэмээн төслийн багийнхан удаа дараа мэдэгдэж байсан. Мөн тэрээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт газар шинэчлэн зохион байгуулах ажиллагааг эхлүүлсэн. Тухайлбал, БЗД-ийн “Цайз” хотхон, Дарь-Эхийн шинэ буудал орчим “Дарь эх” хотхон, БЗД-ийн 13 дугаар хороонд байрлах “Газрын эзэн Баянзүрх”, СБД-ийн таван буудал орчимд “Есөн эрдэнэ”, ЧД-ийн хуучин эцэст “Ивээл”, БГД-ийн 23 дугаар хороонд “Шинэ шийдэл”, ХУД-т “Нарлаг Буянт-Ухаа”, СХД-ийн 11 дүгээр хорооны Хөтөл орчимд “Эхлэл”, СХД-ийн 23 дугаар хороо Хангай зах орчимд “Оргил” гэсэн газруудад бүтээн байгуулалтын ажил өрнөсөн.

Хотын иргэд ийнхүү цагаан толгойтой даргынхаа буянаар өөрсдийн хүсэлтээр эвлэлдэн нэгдэж газраа орон сууцжуулах, хаус барихаа шийдвэрлэн компаниа өөрсдөө сонгон шалгаруулах эрхийг эдэлсэн. Тухайн үед 34 мянга гаруй иргэн Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хүсэлт гаргасан байдаг. Энэ бүхний үр дүнд гэр хорооллын иргэд хашааны алга дарам газраа хоёр өрөө байраар дуртай дургүй солих зам мөр нээгдсэн. Иргэдэд газар нь тийм үнэт баялаг, амьдралын баталгаа үл хөдлөх хөрөнгө нь болсон. Хуучин бол юуных нь хоёр гурван өрөө байр, хашааных нь газрыг булааж аваад эзнийг нь нохой шиг хөөгөөд явуулдаг байлаа. Ер нь Бат-Үүл бол Монголын газрыг үнэтэй болгож, эздэд нь өгсөн гавьяатай хүн. Одоогоос хорь шахам жилийн өмнөх тракторчдын жагсаалыг бид мэднэ. Хуучин ху нам (Ардын нам) УИХ-ын 76 суудлын 72-ыг нь авч сөрөг хүчингүй дан ганцаараа ноёрхож байхад Бат-Үүл эрх баригчдын өөдөөс сөрж “Ардчилсан нам малчдад малыг нь, иргэдэд орон сууцыг нь үнэгүй хувьчилсны нэгэн адил тариаланчдад газрыг нь өмчлүүлье гэж тэмцсэн. Төв, Сэлэнгэ аймгийн тариаланчдыг босгон Бат-Үүлийн трактортой жагсаал тухайн үедээ хамгийн том дуулиан тарьсан.

Иргэдэд газрыг нь эзэмшүүлээд зогсохгүй нийслэлийг удирдаж байхдаа гаргасан нэг том шийдвэр бол хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт, Баянхошууны эцэс Ханын материалд босгохоор шавыг нь тавьсан юм. Гэвч Нүхтийн газрыг хувааж авсан намынхөө нөхдөд ойртуулах, газрыг нь баталгаажуулах зорилгоор Ардын намынхан хотын захиргааг Нүхтийн амны хойхно Яармагт босгосон. Бат-Үүлийн хийж хэрэгжүүлсэн бүхэн ард түмэнд ээлээ өгч, түүний нэр хүнд айхтар өндөрт гарахыг Ардын намынхан мэдсэн учир 2016 оны сонгуульд Үүл баатрын багийнхныг нийслэлд дахин ялуулахгүй төлөө, ард түмэнд ээлтэй ажил бүхнийг нь хуйгаар устгахын төлөө тэмцсэн. Түүндээ ч хүрч Бат-Үүлийн багийг дарж авч, гэр хорооллын дахин төлөвлөлт, “сайн хашаа” хөтөлбөр гээд өнгөтэй өөдтэй бүхнийг нь харлуулж шууд зогсоосон юм. Ирээдүйн олимпийн хот болохоор төлөвлөсөн шинэ Улаанбаатарын төвийг нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт босгож, хотын хөдөө гэгддэг Сонгинохайрханыг цогцоор нь хөгжүүлэх бүтээн байгуулалтыг нь таслан зогсоосон юм.

Гэвч цагаан морьтой, цагаан мөртэй, цагаан толгойтой Бат-Үүл баатар эхэлснээ дуусгахаар нийслэлчүүддээ амласан амлалт бүтээн байгуулалтын их ажлаа үргэлжлүүлэхээр ирж байна. Түүнийг Сонгинохайрхан дүүргээ шинэ Улаанбаатарын төв болгох мөрөөдлийг нь биелүүлэхээр Ардчилсан нам УИХ-ын нөхөн сонгуульд нэрийг нь дэвшүүлжээ. Нэг намын ноёрхол тогтсон, Үндсэн хуулийн Цэц маань хүртэл эрх баригчдын шийдвэрийг дагаж гуйвж дайвах болсон энэ цаг үед нэг намаас гарсан төрийн гурван өндөрлөгийн өмнөөс зоригтой дуугарч чадах сөрөг хүчин байж чадна гэдэгт ард түмэн итгэлтэй байгаа. Ардчилсан намын угшилтай өмнөх Ерөнхийлөгч маань Ардын намын Ерөнхий сайдад зөвлөнө ч гэнэ үү, үндсэндээ Монголын төр бараг сөрөг хүчингүй болсон энэ үед Бат-Үүлд итгэхээс өөр хэнд итгэх билээ. Түүний туулж ирсэн тэмцэл бүхэн Монголын ард түмний дуу хоолой байсан. Тиймээс ардчилалд аюул учрахад ард түмэн ардчиллын баатрыг дуудаж байгаа нь ийм учиртай. Сонгинохайрханчууд ардчиллын баатраа сонгож өөрсдийнхөө дуу хоолойг болгох цаг нь болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *