Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: Гадаад харилцаагаа шийдэхгүй бол нүүрсний экспорт төлөвлөсөндөө хүрэхгүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний зах зээл тойрсон асуудлаар ярилцлаа.


Нүүрсний экспорт ямаршуу байна, төсөвт төлөвлөсөн хэмжээндээ хүрэх нь үү?

-Анх 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөж байсан. Яг одоо гарсан нүүрсний хэмжээ гэвэл 11 сая тонн хүрэхтэй үгүйтэй байна. Төсөвт төлөвлөсөндөө хүрэх яагаа ч үгүй байна. Нүүрсний зах зээлд тулгарчихаад байгаа асуудлуудыг хоног алдахгүй шийдэж байж л төлөвлөсөндөө дөхсөн хэмжээний нүүрс гаргах боломж бүрдэнэ. Шуудхан хэлэхэд, маш хурдтай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Өнөөдөр Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр, эрэлт их байна. Жил бүрийн аравдугаар сараас хойш урд хөршийн зах зээл дээрх нүүрсний эрэлт буурдаг. Яг буурах үед нь бид идэвхждэг уламжлалтай. Одооноос хурдтай ажиллаж чадвал нүүрсний экспорт 20 гаруй сая тоннд хүрч мэдэх юм.

Хурдтай ажиллана гэдгээ тодруулж тайлбарлаач?

-Манай нүүрс хэд хэдэн боомтоор гарч байгаа л даа. Гэхдээ гол хоёр боомт нь Гашуунсухайт, Шивээхүрэн. Гашуунсухайт дээр хувийн хэвшлийн санаачилгаар, үндсэндээ “Энержи ресурс” компани манлайлаад маш богино хугацаанд чингэлэг тээврийн терминал бариад байгуулчихлаа. Одоо ашиглалтад орох ёстой. Арваад хоногийн өмнө өнөө, маргаашгүй ашиглалтад хүлээж авна гэж байсан. Өнөөдөр ч яг тэр үгээ хэлээд сууж байна, Монголын төр.

Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын ажиллаж эхлэх эсэх нь 100 хувь төрөөс хамаарч байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Хятадын талтайгаа маш хурдан хугацаанд ярьж тохироод чингэлэг тээврээ эхэлмээр байна. Одоо бидэнд өдөр болгон чухал.

Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын хөрөнгө оруулалтыг Таван толгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа гурван компани нийлж хийсэн гэсэн үү?

-Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын тухайд “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн “Таван толгой” хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл л дөө. Гэхдээ “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчийн компани. Төр шийдвэр гаргах гэж ямар уддаг билээ. Ийм шалтгаанаар “Энержи ресурс” компани өөр дээрээ ачааг нь үүрээд богино хугацаанд бүтээн байгуулалтыг нь дуусгасан. Мэдээж нөгөө хоёр компанийн хувьд чингэлэг тээвэр эхлэхээр өөрсдөдөө ногдох мөнгөө нөхөж төлөх нь ойлгомжтой. Нарийнсухайт дээр ч ялгаагүй. МАК-ийнхан хөрөнгө гаргаад чингэлэг тээврийн нэмэлт дөрвөн хаалгыг нэмэлтээр барьчихсан.

Шивээхүрэнгийн тухайд нэг талаас чингэлэг тээврийн терминалын ажил дуусах дөхөж яваа гээд, нөгөө талаас бүтээн байгуулалтын ажил нь яагаа ч үгүй гэсэн зөрүүтэй мэдээлэл дуулдаад байна л даа. Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминалын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Сая хэлсэнчлэн Шивээхүрэн дээр чингэлэг тээврийн нэмэлт дөрвөн гарцыг хувийн хэвшил санаачлаад хийчихсэн. Гэхдээ наана нь ачиж буулгадаг терминал байх ёстой. Тэр хэсгийнх нь газар шорооны ажлыг хийгээд бүтээн байгуулалтыг нь эхлүүлэхэд бэлдчихсэн. Гэхдээ чингэлгээр нүүрс тээвэрлэнэ гэдгийг манай төрийн байгууллагууд Хятадын талтай албан ёсоор тохиролцоогүй байгаа.

Төрийн байгууллагууд Хятадын талтай тохиролцоогүй учраас чингэлэг тээврийн терминал барих ажлаа эхэлж чадахгүй яваа байх нь…?

-Яг тийм. Энэ бол хоёр улсын хоорондын харилцааны л асуудал. Тэгэхээр чингэлэг тээврийн терминалын асуудлыг Хятадын талтай албан ёсоор ярьж яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Та сая хоног бүр үнэтэй гэлээ. Шивээхүрэнгийн боомт дээр чингэлэг тээврийн терминал ашиглалтад орохоос өмнө хурдан хугацаанд нэвтрүүлж болох арга шийдэл байна уу?

-Замын-Үүд дээр Засгийн газар үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Аль ч улсын газар нутагт орохгүй хилийн хоорондын бүс рүү машин оруулна, оруулсан машиныг нь нөгөө талаас ирсэн жолооч нь аваад гардаг, хүн хооронд ямар ч харилцаагүй. Энэ арга шийдлийг Шивээхүрэнд нэвтрүүлээч гэсэн санал хүсэлт нүүрс экспортлогч компаниуд, Хятадын худалдан авагчдад байгаа. Хятадын боомтын даргаас нь Хөх хотын консул руу ийм санал тавьж албан бичиг явуулсан юм билээ. Наад талаас нүүрс ачсан жолооч нар хилийн хоорондын бүс рүү орж машинаасаа буугаад хоосон машин бариад буцаад ирнэ. Цаад талаас орж ирэх Хятадын жолооч нар хил хоорондын бүс дээр хоосон машинаа үлдээнэ. Тэгээд монгол жолоочийн үлдээсэн нүүрстэй машиныг унаад хил гарна. Ийм л арга шийдэл байгаа юм. Жолооч нар ямар ч контакт үүсгэхгүй гэсэн үг. Машины ариутгал дээр хоёр тал хамтраад анхаарчих боломжтой. Хятадын хувьд “Бид үүнийг хийчихье, энэ арга шийдлийг нэвтрүүлье гэвэл гуравхан хоногийн дотор зохион байгуулах боломжтой” гээд байгаа. Замын-Үүд дээр нэгэнт туршигдчихсан ийм бэлэн аргыг Шивээхүрэн дээр нэвтрүүлчихвэл хоёр, гуравхан өдрийн дотор 200-300 машин нүүрс хоногтоо гаргах боломж бүрдчихнэ.

Худалдан авагч тал, экспортлогч компаниуд энэ аргыг нэвтрүүлэхэд бэлэн гэж ойлголоо. Тэгэхээр бас Засгаас хамаарсан асуудал байна гэсэн үг үү?

-Засгийн газар шийдвэрээ гаргачихвал асуудалгүй хэрэгжих шийдэл. Шивээхүрэн дээр завсрын бүсийг ашиглаад нүүрсний экспортоо хэдхэн хоногийн дотор огцом өсгөх боломжтой. Энэ мэт гарц шийдлүүдээ тодорхой болгочихвол өнөөдөр дөнгөж арван сая тонн гарчихсан яваа нүүрсний хэмжээ 20 сая тонн давна. Илүү сайн ажиллавал 30 сая тонн давахыг ч үгүйсгэхгүй. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, ковидын нэг ололттой тал нь төр засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцаа мэдрэгдэхүйц сайжирсан. Нүүрс экспортлогч компаниуд эх орноо цөлмөж яваа хэрэг огт биш, Монголдоо валют оруулж ирж байгаа, тийм учраас Засгийн газраас онцгой дэмжих ёстой салбар гэдгийг илүү тод ойлголоо л доо, бултаараа. Гэхдээ реакци маш удаан байна. Ийм шалтгаанаар л хувийн компаниуд Засгийн шийдвэр гарангуут өөрсдөдөө эрсдэл үүрээд цаг алдалгүй хийх нь зөв гээд ажилласны тод жишээ нь Гашуунсухайт, Шивээхүрэнгийн терминал боллоо.

Хойд хөрш урд хөршийн нүүрсний зах зээлийг онилж, хүчтэй бодлого хэрэгжүүлж байна л даа. Ингэхэд бид урд хөршийн зах зээлд гол тоглогч хэвээр байхын тулд яах ёстой вэ, хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудлууд гэвэл та юуг онцлох вэ?

-Коксжих нүүрсний зах зээл бидэнд цаашдаа ч ээлтэй байна. Бидний зүгээс хийх шаардлагатай ганц гол зүйл бол суурь дэд бүтэц, тээвэр ложистикоо шийдэх. Оросын нүүрсний экспорт нэмэгдэнэ, 2035 он хүртэл эрчим хүчний стратегидээ маш тодорхой зорилтууд тавьчихжээ гэдэг асуудал таван жилийн өмнөөс яригдсан. Хойд хөрш 2035 он хүртэл төлөвлөсөн ажлаа л хийж яваа. Тийм учраас ОХУ-ын нүүрсний экспорт цаашдаа ч өснө. Оросын нүүрсний экспортын ихэнх нь Европ руу чиглэдэг. 2030-аад оны үед коксжих нүүрсний экспортын ихэнх нь Ази, тэр дундаа Хятад руу чиглэнэ. Энэ бол биднээс үл хамаарсан их гүрний дотоод бодлого. Монголын хувьд зах зээлдээ ойр, үнэ хямд гэсэн өөрийн давуу талтай. Энэ онцлог алдагдахгүй. Тэр утгаараа бид өрсөлдөх чадвартай. Өрсөлдөх чадвараа ашиглахын тулд тээвэр ложистикоо л шийдэх хэрэгтэй.

Төмөр замын асуудал юу болж байгаа бол?

-Хил рүүгээ 20-иод км үлдсэн байх. Тэр хэвэндээ л байгаа. Хятадын талтай яриа хэлэлцээр хийж яваа гэсэн тайлбар бий. Гэхдээ уулзах цэгээ тохироогүй. Баахан ажил хийгдчихээд яг энэ төвшиндөө гацчихсан.

Нүүрсний экспортод өөр ямар зовлон байна?

Хоёр улс хоорондын жилд гаргах нүүрсний хэмжээ, аль боомтоор хэчнээн хэмжээгээр гаргах вэ гэдгийг тохирчихвол их сайн. Гадаад харилцааны сайд урд хөршид айлчилсан, цаад тал нь нааштайгаар хүлээж авсан гэх ч өнөөг хүртэл ямар нэгэн шийдэл гарсан юм алга. Хил гаалийн үйл ажиллагаа цэвэр ковидоос хамааралтай байгаа нь үнэн л дээ. Гэхдээ нэг асуудал анзаарагдаад байдаг. Хоёр долоо хоногийн өмнө нүүрсний экспорт Гашуунсухайт дээр тэг зогссон доо. Зэсийн баяжмал тээвэрлэж явсан жолоочоос халдвар илрэнгүүт зэсийн баяжмалын экспортыг зогсоолгүйгээр нүүрсний экспортыг зогсоочихсон. Гадаад харилцаан дээрээ анхаармаар байгаагийн л нэг тод илрэл. Засгийн түвшинд Хятадтай ярьж ойлголцох зүйл бий юм болов уу л гэж харагдаад байна. Бас нэг зовлон гэвэл нүүрсний шинжилгээтэй холбогдоно. Нүүрсний тухайд гаалийн хяналтын шинжилгээ гэж хийдэг. Тэр шинжилгээ нь цаг их авдаг. Улаанбаатарт ирж шинжлэгдээд буцаж очих гэсээр байтал арав гаруй хоног зарцуулдаг. Шинжилгээний хариу эргэлзээтэй байна гээд буцаасан тохиолдолд дахиад арав хоногийн хугацаа алддаг. Арай гэж экспортлох боломж гараад ирэнгүүт энэ мэтээр хугацаа алдчихаар ямар олиг байхав.

Ийм асуудал яг аль боомт дээр нь гараад байна вэ?

-Ховдын Булганы боомтоор коксжих нүүрс экспортолж байгаа. Тэнд тийм асуудал үүсчихсэн байх жишээний.

Боомтууд дээр лаборатори байдаг биз дээ?

-Итгэмжлэгдсэн лаборатори хил дээр бий. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ховдын аль алинд байгаа. Компаниудын лаборатори л доо. Нэгэнт л улс итгэмжлэлээ олгосон бол гаалийн хяналтын шинжилгээгээ тэнд нь хийчихэд болохгүй юмгүй.

Компаниудын зүгээс энэ асуудлаа засагт тавьж байсан удаа бий юү?

-Олон жилийн турш тавьж байгаа. Хяналт хэрэгтэй бол төрийн хяналтын байгууллагаас улсын лабораторийн хяналтыг боомтууд дээр ажиллаж байгаа компанийн итгэмжлэгдсэн лабораторид суулгачих хэрэгтэй. Хяналтын лабораторийн хувьд долоо хоногийн дотор л шийдчих асуудал. Энэ асуудлыг Монгол нүүрс ассоциацаас Ерөнхий сайдад саяхан хүргэсэн байгаа.

Төдийгөөс өдий хүртэл яригдсаар ирсэн жишиг үнийн асуудал дээр ярих зүйл бий юү?

-Жишиг үнэ дээр хүнд асуудлууд байсаар байна. Хятадад нүүрсний үнэ өсч яваа учраас ашигтай байх ёстой гээд Шивээхүрэнгийн нүүрсэн дээр хүчээр өндөр тавьчихдаг. Гэтэл тэнд нүүрс нь гарахгүй гэсэн асуудал хэвээр байгаа. Дандаа сайн нүүрсээ гаргаад байх хэцүү. Хаягдал нүүрсээ ч бага хэмжээгээр гаргангуут тэр нүүрсэн дээр нь хүртэл өндөр татвар тавих гэх мэт зовлон бий. Энэ тохиолдолд нүүрс экспортлогч компани хаягдал нүүрсээ бага ч гэсэн үнээр зарах сонирхолгүй болдог. Тэгээд л хаягдал нүүрс болоод үлдчихдэг. Уг нь ингэх нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй. Байгалийн баялгаа бид иж бүрнээр нь ашиглах ёстой. Жишиг үнийг зүй нь хориод ангиллаар бодох боломжтой. Гэтэл гуравхан ангиллаар тоймлож тавьчихаад байна л даа. Энэ асуудлыг шийдэхэд хууль эрх зүйн ямар нэг өөрчлөлт хэрэггүй. Байгаа хууль журмаа дагахад л болчих юм. Ангилал гаргахад нь зах зээлийн болон мэргэжлийн мэдээллээр хангаж ажиллахад манай ассоциаци бэлэн байгаа. Бид саналаа Ерөнхий сайдад тавьсан.

Нүүрсний үнэ ямаршуу байна вэ?

-Ойрын хэдэн жил хараагүй өсөлттэй байна. Гэхдээ энэ өндөр өсөлт монголчуудад ямар ч наалдац алга. Тэнд өсөөд байдаг, бид эндээ нүүрсээ гаргаж чадахгүй суугаад байдаг. Төгсгөлд нь нэг асуудлыг бас онцолмоор байна. Нүүрс экспортлогч компаниуд маш хүнд нөхцөлд байна. Нүүрсний компаниудад арав гаруй мянган хүн ажилладаг статистик бий. Гэтэл нүүрс нь гарахгүй гацаастай. Нүүрсний экспорт гацсан ийм үед компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цалинг нь хувилж өгч сул зогсоогоод ажилчдаа өдий хүртэл чирч ирлээ л дээ. Өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөлт үзүүлсэн ийм үед ажилчдынхаа цалинг өсгөх хэрэгцээ байгаад байдаг. Гэвч борлуулалт байхгүй учраас яаж ч чаддаггүй. Энэ асуудал дээр нийгмийн даатгалын шимтгэл том зовлон болоод байна. Аж ахуйн нэгжийн өгч байгаа нийгмийн даатгалын шимтгэл бодох дүнгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно гэсэн хуулийн заалттай. Нэгэнт батлагдсан хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж, уул уурхайн салбарт ажиллаж яваа, олон сар жилээр цалингаа дутуу авсан хүмүүсийн цалинг өсгөх боломжийг компаниудад олгомоор байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *