Олон улсын ачаа тээврийн салбар 2008 оноос хойших хамгийн өндөр орлоготой жилийг үдэх төлөвтэй байна. Цар тахлын нөлөөгөөр бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өссөн, мөн эрэлт их байгаатай үүнийг холбон тайлбарлаж байна.
Өмнөх огцом өсөлт 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхцаж байсан юм. Хэдийгээр томоохон боомтуудад гацалт үүсээд байгаа ч чингэлэг тээврийн хөлөг онгоцнуудын тоогоор ашиг, орлого нэмэгдэж байна. Тухайлбал, энэ удаад цар тахалтай дасан зохицох зорилгоор улс орнууд эдийн засгаа нээж эхэлсэн нь бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн эрэлтийг өсгөөд байгаа юм.
Мөн коронавирусийн тархалт их байгаа нь боомтуудад гацаа үүсгэж үнэ өсөхөд нөлөөлж байна. Чингэлгийн болон ачаа тээврийн хөлөг онгоцнууд дэлхийн нийт худалдааны 80 орчим хувьд ямар нэг байдлаар оролцоотой байдаг. Нэг чингэлэг ачааг БНХАУ-аас Европ руу тээвэрлэхэд 14 мянга 287 ам.долларын өртөг зардал гарч байгаа юм байна. Энэ нь жилийн өмнөхөөс 500 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдийн тоглоом, унадаг дугуйнаас эхлээд кофе хүртэлх бүх бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг өсгөж байна. Энэхүү өсөлт дэлхийн тэргүүлэх чингэлэг тээврийн “Maersk” компанийн ашиг, орлогод хэдийн нөлөөлжээ. Тус компани энэ оны ашгийн төлөвөө бараг таван тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, 19.5 тэрбум ам.доллар хүргэсэн байна.
Эх сурвалж: BloombergTV