Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд өөрсдийн ухамсартаа найдаж, дэглэмээ баримтлах нь хөл хорионоос илүү үр дүнтэй

Монгол Улсад коронавирусийн давлагаа дахин дэгдэж байгаа учир ХӨСҮТ болон Эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих санал гаргалаа. Үүнтэй зэрэгцэн 28 хоногийн хатуу хөл хорионы асуудал ч давхар яригдаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур буюу сонгуулийн дараа ковидын халдварын тохиолдол огцом нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр ковидын нөхцөл байдал зургадугаар сарынхаас давчихаад байна. ЭМЯ-ны өчигдрийн мэдээгээр хоногт 3680 хүнээс халдвар илэрч, ковидын нэн хүнд хэлбэрээр 10 хүн хорвоог орхилоо. Ковидын шалтгаант нас баралтын тоо 992 болчихлоо. Эмнэлэгт 20722 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеэс л урт болон богино хугацаагаар удаа дараа хөл хорио тогтоож, өндөржүүлсэн болон хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлсэн. Иргэдийн хувьд дуулгавартай сууж, төрөөс халамж хэлбэрээр өгсөн хэд арван төгрөгөөр амьжиргаагаа залгуулсаар зунтай золгосон. МАН-ын 100 жилийн ой гуравдугаар сарын эхээр тохиож баярын хурал элдэв арга хэмжээ зохиосны маргаашнаас л тохиолдлын тоо огцом нэмэгдэж, хяналтаас гарчихсан. Эрх баригчдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд юу юунаас илүү ач холбогдол өгч байсан учир сонгуулийг дөхүүлээд хөл хориог суллачихсан. Сонгуулийн ухуулагч нэртэй намын голдуу нөхөд орон нутаг, хөдөө рүү 20, 30-аараа баг болж очсон нь хөдөөд халдвар тараах гол шалтгаан болсныг тухайн үед орон нутгийн иргэд хатуугаар шүүмжилж л байсан. Тэр үеэс нийгэм эмх замбараагаа алдаж, олон сар гэртээ суусан иргэд, бизнес нь дампуурсан хүмүүс эрх баригчдын зүгээс явуулж буй арга хэмжээ нүдээ олоогүй, хоёр стандарттай байгааг эсэргүүцэх болсон. Монголчууд хаа ч очиж чих зөөлөнтэй, хүний үгэнд оромтгой. Сүүлдээ тэр зан нь алдуурч аргагүйн эрхэнд өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэцгээсэн.

Үнэндээ хагас жил шахуу хөл хорионд суухад коронавирус дэгдээгүй, харин хариуцлагагүй эрх баригчдын буруу шийдвэр, намынхаа ой, баяр, сонгуульд хэт анхаарснаас өнөөдрийн дүр зураг бүрдчихээд байгаа гэдэгт маргах хүн цөөн дөө.

Хатуу хөл хорио бол коронавирусийн халдвар, цар тахлын үед авч хэрэгжүүлэх оновчтой арга биш гэдгийг дэлхийн бусад улс орнууд ойлгож, ковидтой эвлэрч, зэрэгцэн амьдрах хэв маягт шилжээд удаж байна. Барууны зарим оронд хөл хорио гээчийг огт хийхээ больж, харин маскаа зүүж, хоорондох зайгаа барихыг цаг үргэлж сануулж, улс орных нь амьдрал хэвийн үргэлжилж байна. Хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө ажиглах 3-7 хоногийн хугацаа өгч, энэ хооронд харьяа муж, тойргийнх нь эмнэлэг утас, фэйсбүүкийн чатаар мэдээлэл хангалттай өгч, зөвлөгөө, эм, амин дэмээр тасалдаггүй. Ингээд шинж тэмдэг нь арилж эхлэнгүүт шинжилгээ ч авахгүй шууд нийгмийн амьдралд нь оруулж байна. Тэнд иргэд нь ч ухамсартай. Шинж тэмдэг илэрвэл шууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмийн бус арга буюу дасгал хөдөлгөөн хийж, хөлрөх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, амин дэмээр дархлаагаа тэтгэдэг. Нэг үгээр эрүүл мэндийн боловсрол өндөр учир ханиад, тахал хоёроо ялгаж тахал тараахгүй байх арга хэмжээгээ иргэнийхээ хэмжээнд яаралтай авч чаддаг. Үүнд нь эмнэлэг, төр засгийн зүгээс дэмжиж, эм, чанартай хүнсний багцыг гэрт нь хүргүүлдэг. Харин өндөр настай, бие султай хүмүүс ковид тусч хүндрэх шинж тэмдэг илэрвэл шууд хэвтүүлэхэд ор нь хангалттай. Түүнээс биш нийтээр нь хорьж, ажил албыг нь алдуулж, бизнесийг нь хааж боож буй улс орон манайхаас өөр алга.

Одоо иргэд хөл хорио тогтоосноор цар тахлыг хумина, халдварыг бууруулна гэдэгт нэг их итгэхгүй л болов уу. Энэ бол механикаар тоог нь бууруулж байгаа болохоос биш халдвар тараад байгаа уг үндсийг арилгаж байгаа арга зам биш шүү. Хатуу хөл хориог цуцлангуут дахиад л тархалт нэмэгдэнэ. Есдүгээр сарын дундуур коронавирусийн халдварын давлагаа болж буй нь хоёр хүчин зүйлээс үүдэж буйг ЭМЯ сануулсан. Нэгдүгээрт, иргэдийн бөөгнөрөл. Хоёрдугаарт, Дельта вирусийн тархалт. Нийгэм бол хүмүүсийн бөөгнөрөл. Амьдрал байгаа нийгэм бөөгнөрч таараа. Тийм болохоор тэр бөөгнөрлийг хүчээр тараах, гэр гэрт нь хөөж оруулах нь хүн төрөлхтний явж, хөгжиж, бөөгнөрч ирсэн түүхийн эсрэг хийж буй “гэмт хэрэг”. Харин иргэдэд “Бөөгнөрөхдөө бүгдээрээ масктай бай. Гараа угаа, хоорондох зайгаа баримтал” гэдгийг байнга сануулж байх ёстой.

Төр засгийн зүгээс хоёр жилийн турш хөл хориогоор тархалтын асуудлыг шийдэж ирсэн нь зүгээр л амь тариа төдий зүйл байлаа.

Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Хэнтий гээд бараг бүх аймагт нөхцөл байдал хүндэрч, эхнээсээ хөл хорио тогтоогоод эхэллээ. Жишээ нь, эрх баригчид Хэнтий аймагт нөхөн сонгууль хийнэ гэж бас бужигнуулах нь. Тиймээс сонгуулийн нэрээр хүмүүсийг бөөгнүүлэх нь тодорхой учир хэнтийчүүд өөрсдөө дэглэмээ сайн баримталж, битүү орчин дахь хурал цуглаанаас аль болох татгалзаж, маскаа сайн зүүж ухамсартай бай.

Төр засгийн хувьд халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэнийг өрхийн эмнэлэг, харьяа эрүүл мэндийн байгууллага руугаа залгахад нь утсаа аваад бодитой мэдээллээр хангачихдаг болго. Гэрээрээ өөрийгөө эмчилж байгаа иргэдэд эмийн багц, хүнсээр тусал. Чанартай сайн вакцины нөөц бүрдүүлж, вакцинжуулалтад хөл хорионоос илүү анхаар. Хэрвээ хүндрээд ирэхэд нь эмнэлгийг нь бэлэн байлга. Халдвар нь хүндрээд гэртээ амьсгал хурааж байгаа харамсалтай тохиолдол олон гарах боллоо шүү дээ.

Харин иргэдийн хувьд одоо хөл хорионд биш, өөрсдийнхөө ухамсарт найдах цаг ирлээ. Албан байгууллага, хамт олонтойгоо байхдаа маск зүүхгүй суух, хоёр гурваараа байхаараа маскаа аваад шидчихдэгээ болих хэрэгтэй. Хоёулаа нэг тасалгаанд сууж байсан ч маскаа зүүж, гараа ариутга. Ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэхээр ороход олон хүн цугласан байвал орохоо түр азна. Найр, хурим, элдэв баяр цэнгүүн, баар саванд уривал очихоо тэвч. Ийм л энгийн дэглэмүүдийг баримтлахад та гэр бүл, үр хүүхдээ, өндөр настай аав ээж, өвөө эмээгээ халдвараас хамгаалчихаж байгаа юм. Цаагуураа нийгэмд иргэн хүнийхээ үүргийг биелүүлчихэж байгаа хэрэг.Ийм дэглэмийг иргэд ягштал мөрдөөд хагас жил болоход л цар тахлаас салчих боломжтой.

Цар тахлын үед шаардлага, зөвлөгөө биелүүлдэггүй, дэглэмээ баримталдаггүй, үглээд үг авдаггүй, маск зүүдэггүй ард түмнийг гэр гэрт нь оруулж хөлийг нь хорьж, халдварын тархалтыг хүчээр бууруулж байгаа нь төр засгийн хувьд арга ядаад л хийж буй эцсийн шийдвэр шүү дээ. Эрх баригчдаар хөлөө хориулж, ажил, бизнесээ зогсоолгохгүйн тулд иргэд өөрсдөө ухамсартай байх хэрэгтэй. Хөл хорио шийдэл биш гэдгийг нийтээрээ мэдэрцгээсэн. Иргэд ухамсартаа найдаж, дэглэмээ сайн баримталбал хөл хорионоос илүүүр дүнтэй гэж ДЭМБ ч зөвлөсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *