Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Н.Ариунболд: Сэтгэл санааны хохирлыг шууд мөнгөн дүнгээр тооцох аргачлалыг төрөөс тогтоох нь учир дутагдалтай

Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.


-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг ХЗДХЯ-наас боловсруулж байгаа талаар мэдээлэл бий. Тэгвэл одоогийн байдлаар манай улсад энэ төрлийн хохирлыг ямар хэлбэрээр шийдвэрлэж байна вэ?

-Хохирлыг арилгах гэдэг нь товчхондоо хохирол учрахаас өмнөх байдал руу буцаан оруулах боломжгүй бол түүний үр дагаврыг мөнгөн хөрөнгөөр нөхөн барагдуулахтай холбоотой харилцаа хэмээн ойлгож болно. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” хэмээн иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан байдаг. Ерөнхийдөө хүний сэтгэл санаа олон хүчин зүйлийн улмаас хохирч, хямарч болно. Эдгээрийн нэг нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараах, түүнээс үүсэх үр дагаврыг арилгахтай холбоотой харилцаа юм. Иргэний хуулийн 21, 230, 511 дүгээр зүйлд худал мэдээлэл, түүнээс үүсэх үр дагаврыг арилгах харилцааг зохицуулсан байдаг. Харин сэтгэл санаанаас үүссэн хохирлыг хэрхэн үнэлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд үнийн дүнгийн хэмжээг шүүх практикаар шийдвэрлэж байгаа.

Хууль зүйн яамны төсөлд дурдсанаар сэтгэл санааны хохирлын хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн байдал, түүний цар хүрээгээр хэмжинэ гэж үзэж байгаа бололтой юм билээ. Чухамдаа хэлбэрийг бус агуулгыг илүү харж шийдвэрлэх ёстой гэж би хувьдаа үздэг. Жишээлбэл, цөөхөн хүрээлэлд тарсан хэдий ч уг мэдээлэл нь хүний сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлсөн, улмаар сэтгэцийн эмгэгтэй болсон бол яах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэнэ.

-Энэхүү хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хууль зүйн асуудлыг тодруулбал?

-Эдийн бус харилцаа ялангуяа хүний сэтгэл санаа түүний хохирлыг үнэлэх нь маш ярвигтай хэцүү асуудал. Хувь хүний сэтгэл санаа, зовлон шаналлыг тухайн хүн өөрөө л мэдрэхээс бусад хүн мэдэх бараг боломжгүй. Телепат харилцаа үүсэх хүртэл шүү дээ. Тиймээс үүнийг шууд мөнгөн дүнгээр тооцох аргачлалыг төрөөс тогтоож өгөх нь учир дутагдалтай. Хүн өөрийнхөө сэтгэл санааны хохирол, түүнээс үүсэх үр дагаврыг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд хэт багасгах, зарим тохиолдолд хэрэгсэхгүй ч болгодог. Манай шүүхүүдэд сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх нэхэмжлэлд маш бүдүүлэг хандаж байгаа.

-Манай улсад өмнө нь энэ төрлийн хохирлыг /сэтгэл санааны хохирол/ хэрхэн тооцох тухай хэлэлцэж, хуулийн төсөл өргөн барьж байсан удаа бий юү?

-Үгүй л болов уу. Иргэний шүүхүүд дотооддоо хэрэглэдэг бололтой нэг зөвлөмж байдаг гэж сонсож байсан. Сүүлийн үед шүүхийн шийдвэрийг шинжээч нар л гаргадаг болсон гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийнхэн хүний сэтгэл санааны байдлыг тодорхойлж болох ч түүнээс үүдэн гарах хохирол, хэм хэмжээг тогтоох учир дутагдалтай гэж үзэж байна.

-Хэрэв хуулийн төслийг баталж, хэрэгжих болбол үүнийг өөрт ашигтайгаар ашиглагч нар гарч ирэхийг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь сэтгэл санаагаар хохирсон гэж зарга мэдүүлэх магадлал байна. Үүнийг та хуульчийн зүгээс хэрхэн харж байна вэ?

-Би хувьдаа хуулийн төслийн санааг дэмжиж байна. Чухамдаа бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй байх нь энэ нийгмийн мөн чанар. Тиймээс бусдыг хохироохгүй байхад л болно. Ялангуяа, гүтгэлэг буюу худал мэдээлэл түгээхгүй байх, мэдээллийн эх сурвалжаа нягталдаг байхад л сэтгэл санааны хохирлын өрөнд орохгүй.

-Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж барагдуулах олон улсын жишиг, туршлага ямар байдаг бол. Ер нь эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлөх эрх зүйн зохицуулалт манай улсын хөрсөнд хэрэгжих боломжтой юу?

-Олон улсад ихэнхдээ гэмт хэрэг түүнээс үүсэх сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал байдаг. Харин манайд байхгүй, бүр хориглох маягтай. Жишээ нь, гэмт хэрэг үйлдэж хүний эд эрхтэнд гэмтэл учруулсан тохиолдолд зөвхөн эмчилгээний зардлаар хязгаарлаж байна. Гэвч үүний цаана насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны шаналалтай үлдэх эрсдэл бий. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх нь чухал. Ялангуяа, “зөвхөн хуульд заасан бол эдийн бус хохирлыг мөнгөөр арилгана” гэсэн Иргэний хуулийн заалтыг яаралтай хүчингүй болгох хэрэгтэй байгаа юм.

-Чухам ямар арга аргачлалаар хохирлын мөнгөн дүнг тооцох вэ гэдэг нь тодорхойгүй асуудал болоод байх шиг. Мэдээж сэтгэл зүйн хохирлын хэмжээ хүн болгонд харилцан адилгүй байх болов уу?

-Гүтгэлэг буюу бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой гэмт хэргийн бус хохирлын хэмжээг тодорхойлох эрхийг хохирогчид үлдээх нь зөв болов уу. Ер худал мэдээлэлтэй төр /цагдаа/ бус хувь хүн өөрөө л тэмцэж, эрхээ хамгаалж байх нь үр дүнтэй гэж үздэг.

-Сэтгэл санааны гэм хорын хохирол учруулсан буруутай этгээд нь эдийн засгийн чадамжгүй байх тохиолдол гарч магадгүй шүү дээ. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг мөнгөөр барагдуулна гэдэг нэг л хийсвэр ойлголт болоод байх шиг?

-Энэ асуудлыг зөвхөн сэтгэл санааны хохирол дээр ярьдаггүй. Эдийн засгийн чадамжгүй хүн бусдад гэм хор учруулаад нөхөн төлдөггүй тохиолдол цөөнгүй бий. Ялангуяа, залилах гэмт хэргийн хохирогч хохироод л үлддэг. Ингэлээ гээд хууль зүйн зохицуулалтгүй үлдээж болохгүй.

-Манай улсад сэтгэл санааны хохирлыг тодорхойлсон тодорхойлолт байхгүй, зөвхөн нэр төр, алдар хүнд хэмээн ойлгогдохоор хуульчилсан байдаг гэсэн. Үүнийг тодруулж тайлбарлавал?

-Үнэн, дээр дурдсан байгаа. Энэхүү харилцааг бүхэлд нь эдийн бус гэм хорыг арилгах гэж томьёолдог. Иргэний хуулийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн маш бүдүүлэг хэм хэмжээ өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор л байна. Хүний амь нас бол эдийн бус хохирол. Энэхүү хохирлыг нэхэмжлэх эрхийг манай эрүү, иргэний хууль тогтоомж хааж байдаг ба оршуулгын зардлыг л гаргуулдаг жишээний. Гэмт хэргийн улмаас хүний харах эрхтэн гэмтсэн байлаа гэхэд зөвхөн эмчилгээний зардлыг л гаргуулах жишээний. Гэтэл үүний цаана дахин хэзээ ч сэргэхгүй эд эрхтэн, түүнээс үүсэх сэтгэл санааны хохирол насан туршдаа үлдэнэ. Хохирогчийн тухайд гэмтэн шийтгэл хүлээхээс илүүтэйгээр хохирлыг арилгуулах, арилгах боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх нь илүү чухал байдаг.

-Олон улсад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тодорхойлж томьёолсон байдаг вэ. Үүнийг заавал эдийн засгийн аргаар шийдэх шаардлагатай юу?

-Эрх зүйн тогтолцооноосоо шалтгаалж улс орнууд янз бүрээр шийддэг.Тодруулбал, ОХУ-д “Эрделевскийн” гэх аргачлалыг хэрэглэдэг. Зарим улс энэ төрлийн аргачлалыг ашигладаг байхад зарим нь шүүхийн практикаар үүнийг тодорхойлоод явдаг гэсэн үг. Үүний нэг нь манай улс юм. Сэтгэл санааны хохирлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэдэг байх зайлшгүй шаардлагатай. Учир нь хохирол учруулсан этгээд учруулсан хохирлоо ямар нэг хэмжээгээр хариуцах нь шударга ёсонд нийцэх биз ээ.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *