ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесус олон улсыг ард иргэдийнхээ дархлааг сайжруулах зорилгоор вакцины гурав, дөрөвдүгээр тун хийхээ дараа жил хүртэл хойшлуулах уриалга дэвшүүлжээ. Учир нь вакцин тариулах хүсэлтэй боловч эхний хоёр тунгаа ч тариулж амжаагүй байгаа буурай орнуудын олон сая иргэд дэлхийд буй тул хэдийн дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийг дахин дархлаажуулахын оронд тэр тунгуудыг буурай орнуудад илгээн огт дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст зарцуулсан нь зөв гэж тэрбээр үзжээ.
Тэрбээр “Зарим орнууд дэлхийн бүх улс хүн амынхаа дор хаяж 40 хувийг дархлаажуултал, ядаж энэ оны сүүл болтол вакцины гурав, дөрөвдүгээр тун таримааргүй байна. Өдгөө чинээлэг орнууд аль хэдийн хүн амынхаа 10 хувийг дархлаажуулах босгыг давж, гуравны хоёр нь 40 хувьдаа хэдийн хүрсэн байна. Гэвч ганц ч буурай орон хүн амынхаа 10 хувийг ч вакцинжуулж чадаагүй байгаа нь харамсалтай. Вакцины тэгш хуваарилалтын талаар улс орнууд маш их ярьж байна. Гэвч хийж байгаа юм ховор” хэмээн ярьжээ.
Хэдийгээр ДЭМБ ийнхүү уриалж байгаа нь анхны удаа биш боловч өдгөө дэлхийн хэд хэдэн оронд вакцины гуравдугаар тун, хоёр ч улсад дөрөвдүгээр тун тариад эхэлсэн байна. Гэтэл дэлхий дээр хүн амынхаа нэг хувийг ч дархлаажуулж чадаагүй 13, 3 хувьд хүрээгүй нийт 52, арван хувьд хүрээгүй 41 орон бий.