Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн хэмжээнд өчигдөр зургаан иргэн угаартсан дуудлага бүртгэгджээ


Өнгөрсөн хоногт нийслэлд угаарын гурван дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нэг том хүн, 7-9 насны хоёр хүүхэд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хоёр том хүн, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд есөн настай хүүхэд тус тус угаарсан дуудлага өгсөн байна.

Уг хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.

“Гал бүрэн унтраагүй байхад яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна”

Цаг агаарын байгууллагын мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой, сэрүүхэн байх төлөвтэй байна.

Тиймээс тухайн өдрүүдэд айл өрхүүд галлагаагаа хийсэн тохиолдолд угаарын хийнээс урьдчилан сэргийлж, гал бүрэн унтраагүй байхад яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зөвлөлөө.

Энэ талаар НАБТГ-ын Дотоод орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Г.Уранцэцэг “Ямар ч төрлийн түлшийг шатаахад угаарын хий ялгарна гэдгийг сануулъя. Зуухан дотор агаарын эргэлт муу, хүчилтөрөгч нь хангалттай биш байх нь угаарын хий үүсэх шалтгаан нөхцөл болдог.

Угаартсан дуудлагын ихэнх нь галлагаа бүрэн зогсоогүй байхад өрхөө бүтээсэн, яндангаа авсан шалтгаантай байдаг.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанар сайжруулах бүсийн 199,586 ширхэг угаар мэдрэгч төхөөрөмжийг тарааж, олон удаа гарын авлагад суурилсан зөвлөж, зөвлөгөө өгч ажилласан.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгчийнхээ ажиллагааг сайн шалгаж, унтраахгүй байх, галлагаа бүрэн дуусаагүй үед яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн байшинтай айлуудад яндангийн малгай заавал байх шаардлагатай. Энэ нь салхитай өдрүүдэд угаар гарахаас сэргийлнэ” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *