Жил бүрийн намар шинэ гар утасаа зах зээлд танилцуулдаг “Apple” компани энэ жилийн арга хэмжээгээ есдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар болжээ.
“California streaming” нэртэй арга хэмжээг тус компанийн төв оффис болох “Apple Park”-аас шууд дамжуулахаар болсон байна.
Энэ удаа танилцуулах “iPhone 13” загвар нь өндөр давтамжийн (high refresh rate) дэлгэцтэй, яригч, камер зэргийг нүүрэнд байрлуулахын тулд нэмсэн дэлгэцийн оруулга нь багассан, камерны чадвар нь сайжирсан зэрэг шинэ үзүүлэлтүүдтэй байх төсөөлөл мэргэжилтнүүдийн дунд яригдаж байгаа.
Мөн шинэ “iPhone”-ий дэлгэц цоожтой үедээ ч байнгын ажиллагаатай (харанхуйлахгүй) болно гэсэн таамаг яригдаж байна.
“Apple” компаниас гаргасан видео сурталчилгаанаас харвал AR (Augmented Reality) буюу хийсвэр дүрслэлийг бодит байдалтай холбох технологийн чиглэлээр ямар нэг ахиц дэвшил гарч болзошгүй байна.
Хэрвээ шинэ “iPhone” загварыг танилцуулбал түүний үйлдлийн системийн шинэ хувилбар болох iOS 15 мөн танилцуулагдах нь тодорхой юм. Үүнээс гадна шинэ Apple Watch, AirPods, 14 ба 16 инчийн дэлгэцтэй шинэ MacBook Pro зөөврийн компьютеруудыг зах зээлд шинээр танилцуулж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.