Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа. Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилга, Шинэ Өндөрхаан хороолол, ТОСК-ын 60 айлын барилгын төлөвлөлт, “Тэмүүжин” хаус хорооллын дэд бүтэц, “Хэнтий орон сууц”-ын барилга, энэ жил ашиглалтад орсон, хоногт 3000м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдтэй танилцжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: “Салбарын хэмжээнд хийж буй 9,3 тэрбум төгрөгийн багцын ажил, Чингис хотод барих орон сууц, хаус хороолол, гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох төлөвлөлтүүдтэй бид газар дээр нь танилцлаа. Чингис хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор цаашдаа хөгжих, олон арван барилга байгууламж барих, гэр хорооллыг инженерийн шугамд холбох таатай нөхцөл бүрдэж байна.
Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багийг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөл хийжээ. Үүний дагуу улсын төсөвт тусгуулах саналыг тавилаа. Ингэснээр өрхүүд 0.7 га газартаа цэвэр, бохир, дулаанд холбогдох боломж бүрдэнэ” гэв.
Мөн тэрээр Хэрлэн нэгдүгээр сургуулийн зураг төслийн магадлалыг энэ сарын 15-ны дотор хийх, барилгын материалын үйлдвэрийг урт хугацаандаа шийдвэрлэх чиглэл өглөө. Энэ сургуулийн барилга шүүхийн маргаанаас болж нэг жил өнжжээ.
“Ковид-19”, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, барилгын зураг төсөв магадлал хийх шаардлага үүссэн байна. Үүнийг аймгийн Засаг дарга уламжилснаар магадлал хийх, улмаар зөрүү төсвийн зардлыг улсын төсөвт суулгаж, 2022 оны наймдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахад салбарын сайд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.
Уулзалтын үеэр ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулж, зээлийн эх үүсвэрийг гурав дахин нэмсэн талаар дурдлаа. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 хувь байх үетэй харьцуулахад сарын эргэн төлөлт, орлогын доод хэмжээ тус тус 18.3 хувиар буурч, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн өрийн дарамт багассан. Цаашид жилд дунджаар 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд шийдвэрлэж, барилгын компаниудын борлуулалтыг дэмжинэ гэв.
Мөн Хэнтий аймгийн засаг дарга болон харьяа газруудын ажилтнуудтай уулзаж, энэ оны төсвийн хөрөнгө оруулалт, зураг төслийн бодлого, барилгын салбар дахь хүний нөөцийн тогтвортой бодлого хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн барилгын салбарын хүний нөөцийн бодлого, чанарын стандартын нэвтрүүлэлт, цахим шилжилт, журам, норм дүрмийн шинэчлэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээ, хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгчээ.
Ташрамд дурдахад Хэнтий аймагт БХБ-ын сайдын багцаас энэ онд нийт 44,9 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлууд хийж байна. Эдгээр ажил аймгийн хөгжилд нэн шаардлагатай, өндөр үр өгөөж өгөх төслүүд тул талархалтай байгаагаа тус аймгийн засаг дарга Ц.Идэрбат илэрхийллээ. Түүнчлэн БХБ-ын үе үеийн сайдаас анх удаа Хэнтий аймагт ажиллаж байгааг орон нутгийн удирдлагууд онцлов.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, БХТ-ийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх болон аймгийн холбогдох албаныхан багтлаа гэж БХЯ-наас мэдээлэв.