Categories
мэдээ спорт

​Өнөөдөр “Супер хүн”-ий өдөр

Жил бүрийн есдүгээр сарын 07-нд хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ч бусдаас дутахгүй амжилт гаргаж чадсан хүмүүсийг алдаршуулан магтах “Супер хүн”-ий өдрийг тэмдэглэдэг байна.
Хэн нэгэн ямар ч хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бай тодорхой хэмжээнд нийгмээс гадуурхагдаж байдаг бөгөөд энэ бүхнийгээ даван туулж, спорт, урлаг, хөдөлмөрийн талбарт амжилт гаргана гэдэг бол энгийн хүнээс давсан чадвар тул тэднийг Сүпер хүн гэж үзүүштэй гэжээ.

6 хүн, зогсож буй хүмүүс болон унадаг дугуй гэх мэтийн зураг байж болно

Энэхүү өдрийг Британы “Channel-4” хэмээх өвөрмөц нэвтрүүлгүүд хийдэг чөлөөт телевизийн олны таашаалд нийцсэн “гайхалтай хүмүүс”-ийн тухай нэвтрүүлгээс эхтэй гэж үздэг. Тэд 2016 оны зуны паралимпийн наадмын үеэр хүн төрлөхтний аугаа амжилтын эзэд болсон, хэний ч санаанд оромгүй хүч гарган тэмцэж чадсан пара аваргуудыг алдаршуулж, олонд таниулахаар шийджээ.
Энэ үйл ажиллагаагаа эхлэхдээ “Бид бол сүпер хүн” нэртэй компанит ажлаар эхлүүлсэн бөгөөд үүндээ нийгмийн сөрөг хандлагыг даван туулж буй 140 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулжээ. Энэхүү “Сүпер хүн” гэсэн ойлголтонд шинжлэх ухааны ололт амжилтаар бий болгосон хиймэл эрхтэнтэй /bionic/, хөлнийхөө оронд дугуйт сандалтай хүмүүсийг багтаажээ.
Паралимпийн наадмыг 1948 оноос эхлэн зохион байгуулсан боловч тухайн үедээ ийм нэртэй байгаагүй юм. Ер нь бол энэхүү тэмцээнийг Дэлхийн 2-р дайны үед нуруу, нугасандаа гэмтэл авч, тодорхой хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй болсон эрчүүдэд өрсөлдөх боломжийг олгосон. Тухайн үед тоглолтын нэр нь “1948 оны тэргэнцэртэй олон улсын тоглолт” /1948 International Wheelchair games/ байжээ. Ингээд 1960 оноос албан ёсоор Паралимп нэртэй болж зөвхөн дайны ахмад дайчид бус бусад хүмүүс ч оролцох боломжтой болсон бөгөөд энэ тэмцээнд 23 орны 400 тамирчин өрсөлдөж байсан бол тун удалгүй 1976 он гэхэд 40 орны 1,600 тамирчин оролцож байжээ.
Хамгийн сэтгэл догдлуулсан тоглолт 1988 оны Сөүлийн олимпоос эхэлсэн бөгөөд энэ оноос эхлэн Паралимпийн наадам тухайн зуны олимпийн дараа шууд үргэлжлэн, олимп болсон талбай, байгууламжуудыг ашиглан болдог болсон. Ингэснээр пара тамирчид тэдний өмнөхөн хүчээ сорьж байсан дэлхийн хамгийн агуу тамирчидтай нэг зиндаанд өөрийгөө аваачин, тэдэнтэй адилхан алдрын замаар сэтгэл догдлон алхаж, өрсөлдөх болсон билээ. 2001 онд Олон улсын Олимпийн хороо, Олон улсын Паралимпийн хороод энэхүү туршлагыг байнгын болгон батлав.
Энэ өдрийг тэмдэглэхдээ хөгжлийн бэрхшээлтэй ч түүнийгээ даван туулж “Сүпер хүн”-ий хэмжээний хүч гаргаж байгаа нэгнийг урамшуулахад төвлөрөөрэй. Найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлын газрынхан гээд бүгд түүнийг өөрсдөөс нь ч их хүч, тэмцэл дунд амжилт гаргаж байгааг хүлээн зөвшөөрдгөө хэлж, түүнийг хүндлэж, бахархаж явдагаа ойлгуулах нь чухал.
Та хэсэгхэн судлаад, ойр тойрноо анзаараад харвал спорт, урлаг, хөдөлмөрийн талбарт хөгжлийн бэрхшээлтэй гээд хойш суулгүй амжилт гаргаж яваа нэгнийг харах бөгөөд түүнээс суралцаарай.
Жнь: Трисча Зорн /Trischa Zorn/ АНУ-ын тамирчин. Харааны бэрхшээлтэй боловч энэ нь түүнд саад болоогүй бөгөөд 1980-2004 он хүртэлх 24 жилийн хугацаанд усанд сэлэлтээр 55 медаль хүртжээ.
Нидерландын тамирчин Эстер Вергер /Esther Vergeer/ тэргэнцэр дээрээ волейбол, сагс, газрын теннис тоглож сурсан ба 2013 онд зодог тайлах хүртлээ дэлхийн тэргэнцэртэй #1 тамирчин байж дараалан 470 тоглолтонд ялалт байгуулжээ. Өнөөдөр та “We’re The Superhumans” киног үзээрэй.
Монголын паралимпийн тамирчид түүхэндээ 2008 онд байт харваагаар МУГТ Д.Баатаржав алтан медаль, 2016 оны наадмаас Жудо бөхөөр Б.Ууганхүү, Пауэрлифтингээр Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж байсан бол 2020 оны Токиогийн олимпийн хүндийг өргөлтийн 107 кг-ийн жинд Э.Содномпилжээ дэлхийн рекорд /245 кг/ тогтоон алтан медаль хүртсэн амжилттай яваа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *