Categories
гадаад мэдээ

Японы эрх баригч намын даргын сонгууль энэ сарын сүүлээр болно

Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын даргын сонгууль есдүгээр сарын 29-нд болно. Уг сонгуульд одоогийн засгийн газрын тэргүүн Ё.Сүга өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр ийм шийдвэрт хүрсэн шалтгаанаа ойрын өдрүүдэд коронавируст цар тахалтай тэмцэх ажилд гол анхаарлаа хандуулах юм. Сонгуулийн зар сурталчилгаанд цагаа үрэх хүсэлгүй байна гэсэн тайлбарыг өгчээ. Ё.Сүга ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр өнгөрсөн есдүгээр сард сонгогдсон. Учир нь тухайн үед Засгийн газрын тэргүүн байсан А.Шинзо эрүүл мэндийн улмаас (архаг өвчин нь сэдэрсэн тул) огцорч буйгаа мэдэгдсэн юм.

Ё.Сүгагийн хувьд Сайд нарын танхим хүндхэн үеийг туулж байх үед албаа хүлээн авсан. Тухайлбал, улс оронд нь коронавирусийн халдвар газар авч, хүн амаа дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах, мөн цар тахлаас үүдэн нэг жилээр хойшлогдсон зуны олимпийн бэлтгэл ажлыг хангах зэрэг олон асуудалтай нүүр тулсан. Эдгээр асуудлыг шийдэхэд түүнээс нэлээд хүчин чармайлт шаардагдсан нь мэдээж. Гэвч дорвитой үр дүнд хүрээгүй гэж үзэх хүн цөөнгүй байгаа аж.

Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй бодлогод ард иргэд сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлж хурцаар шүүмжилсэн удаатай. Эцсийн дүнд Японы ерөнхий сайд Ё.Сүгагийн чансаа 30 хувь болтлоо буурч, намын нэр хүндэд нь сөргөөр нөлөөлжээ. Тэрээр үүрэгт ажилдаа орох үед чансаа нь 70 хувьтай байж.

Киодо агентлагаас хамгийн сүүлд явуулсан судалгаагаар саналд оролцогчдын 56.7 хувь нь Ё.Сүгаг “Тэмцэл хийлгүй албаа өгөх” гэж үзсэн байна. Мөн коронавируст цар тахлаас үүдэн Ё.Сүгад олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх боломж бага байсан гэх. Ажиглагчид Орос-Японы дипломат харилцаанд түүнийг А.Шинзогийн бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн үзэж байсан ч ямар нэгэн мэдэгдэхүйц дэвшил гараагүй аж.

Японы ерөнхий сайд энэ сарын сүүлээр болох сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэний дараа албан тушаалын төлөөх тэмцэл фракцуудын дунд өрнөж эхэлсэн тухай мэдээ хөвөрч байна. Учир нь нам доторх тэмцэлд ялалт байгуулсан нь ерөнхий сайд болно. Харин ирэх сард парламентын доод танхимын сонгууль болох агаад шинжээчдийн үзэж буйгаар эрх баригч Либерал-Ардчилсан нам ялалт байгуулах нь гарцаагүй ч асар их хохирол амсах юм гэжээ. Сүгагийн хувьд нам доторх аль ч фракцад харьяалалгүй. Түүний нэр хүнд эрх баригч намын нэр хүндийг хэр өргөхөөс шууд хамааралтай байв. Гэвч түүний албаа хаших хугацаанд Либерал-Ардчилсан нам бүс нутгийн хэд хэдэн сонгуульд ялагдал хүлээжээ. Түүний орны хүнээр хэн тодрох вэ гэсэн асуулт анхаарал татаад буй юм. “Japan Times” сонины уламжилснаар ерөнхий сайд Ё.Сүга нь 58 настай Таро Коног дэмжиж байгаа аж. Японы Гадаад хэрэг, батлан хамгаалах сайдын албыг хашиж байсан Т.Коно нь өдгөө дархлаажуулалтын асуудлыг хариуцсан сайдаар ажиллаж байгаа юм. Т.Коно нь залуучуудын дунд илүү нэр хүндтэй аж. Энэ нь түүний твиттерийг чадамгай ашигладагтай нь холбоотой гэх. Тэрээр 2.3 сая дагалдагчтай юм байна. Энэ нь Японы улстөрчдийн хувьд ховор үзүүлэлт аж. Мөн саяхан явуулсан социологи судалгаагаар тус улсын Гадаад хэргийн сайд асан Фумио Кисида, Батлан хамгаалахын сайд асан Сигэрү Исиба нар саналд оролцогчдын 31.9 хувийн дэмжлэг аваад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *